МҮЭХ: Нүүрстэй холбоотой хөрөнгийг нийгмийн хамгаалал, үнэ тарифыг тогтворжуулахад зарцуулах санал тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбатын мэдэгдснээр улс оронд нүүрлээд нүүрсний асуудалтай холбоотой тооцон гаргаж буй мөнгөн хөрөнгийг хүү, алдангийн хамт төсөвт эгүүлэн авч, нийгмийн хамгаалал, үнэ тарифыг тогтворжуулахад нөөц бүрдүүлэн зарцуулах талаар төр, засагт ханджээ.
Мөн зэрэгцэн төмөр замын зэрэг
улс орны бүтээн байгуулалтын өртөг зардлыг тооцон нийгэмд гаргах, зөвхөн
нүүрстэй холбоотой гэлтгүй эрүүл мэндийн, нийгмийн даатгалын болон тусгай сангууд,
“Капитал”, Хөгжлийн банктай холбоотой эдийн засаг, бизнесийн гэх хэргүүдийг
нэгтгэн авч үзэх хэрэгтэй байна гэв.
Нийгэмд үүсээд буй нүүрсний асуудлаар Засгийн газраас нийгмийн шударга байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авч нууцлалын гэрээг олон нийтэд ил тод зарлаж, “Эрдэнэс Тавантолгой” компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилон, зохих эрх бүхий албан тушаалтан хүмүүст хариуцлага тооцож буйг МҮЭХ дэмжиж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, тус холбоо Засгийн газарт санал хүсэлт тавьснаар нүүрсний асуудалтай холбоотой нууцлалын гэрээг МҮЭХ-нд ирүүлснийг олон улсын ҮЭ-ийн байгууллагын эксперт мэргэжилтнүүдээс дэмжлэг аван аудит хийлгэн хянуулах боломжтой талаар мэдэгдлээ.
Мэдээллийн үеэр Баян-Өлгий
аймгийн ҮЭХ-ны дарга А.Кеншилик болон Монголын төмөр замын ҮЭХ-ны дарга
Б.Баяраа нар нийгэмд үүсээд буй нүүрсний асуудлаар ил тод шударга байдлыг
ханган, нягталж, энэ талаар олон нийтийн оролцоог ханган шалгаж, байгалийн
баялгийг хяналтгүйгээр гаргаж буйд хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн байр
сууриа илэрхийлэв.
МҮЭХ-ны удирдлага, салбар
холбоод, хорооны дарга нар, төлөөлөл “Цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан,
амьжиргааг хангахуйц байдлаар нэмэгдүүлэх”, “Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой”,
“Шударга ёсыг шаардаж байна”, Байгалийн баялгийг иргэдэд тэгш хуваарилья” гэсэн
уриа лоозон барьсан байлаа.