Ханх сумыг хөгжүүлэх төлөвлөгөөг аялал жуулчлалын зорилгод нийцүүлэн боловсруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын эрэгт орших
Ханх
сумыг 2020-2040 хүртэл хөгжүүлэх
ерөнхий
төлөвлөгөөг боловсруулан батлаад
байна.
Ерөнхий төлөвлөлтийг Засгийн
газраас Хөвсгөл нуур орчмын бүс нутгийг "Эко аялал, жуулчлалын бүс"
болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу
“Алсын хараа-2050”
урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Хот байгуулалтын тухай хууль болон холбогдох
хууль тогтоомжид
нийцүүлэн боловсруулж батлуулан аймгийн удирдлагуудад хүлээлгэн өгөх үйл ажиллагаа, холбогдох талын уулзалт боллоо.
Монгол Улс болон АХБ-ны
хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд БОАЖЯ-ны Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх
төслийн санхүүжилтээр Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хот төлөвлөлтийн
“Нью Урбанизм” ХХК 2020-2022 онд боловсруулж өнгөрсөн сард Хөвсгөл аймгийн
ИТХ-аар батлуулан өнөөдөр
ийнхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэгч талууд болон орон нутгийн удирдлагуудад
хүлээлгэн өглөө.
Тус сумыг тусгай
хамгаалалттай газар нутгийн гүнд оршиж буй суурин газрын хөгжлийн ерөнхий
төлөвлөгөө байдлаар анх удаа боловсруулснаар
онцлог байгаа аж. Тодруулбал, Монгол
Улсын аялал жуулчлалд тулгуурласан суурьшлын ерөнхий төлөвлөгөөг сум хөгжүүлэх
төлөвлөгөөний хамт боловсруулсан жишиг загвар болж байгаа юм.
Ингэхдээ нутгийн иргэд нь газар нутгийн байгалийн тэтгэх даацын хэмжээнд нийцсэн жуулчдыг хүлээж авч улмаар ногоон суурин байгуулах алсын хараатайгаар хөгжих зорилгыг дэвшүүлжээ. Ханх сум нь 2800 гаруй хүн амтай, газар нутгийн 99 хувь нь тусгай хамгаалалтад хамаардаг, зам харилцаа дэд бүтэц сул хөгжсөн боловч ОХУ-ын Мондын хилийн боомтоос 23 км зайд оршдог, жилдээ хойд хөршийн 12.000 орчим аялагч, жуулчдыг хүлээн авдаг онцлогтой сум юм.
Дээр дурдсан АХБ-ны Тогтвортой
аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл нь 2019 оны сүүлээс Хөвсгөл нуурын болон
Онон-Балжийн байгалийн цогцолборт газар хэрэгжиж байна. Төсөл нь тусгай хамгаалалттай газар нутгуудад
аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах, хог хаягдлын болон тусгай
хамгаалалттай газрын менежментийг сайжруулах зорилгоор 2025 он
хүртэл
хэрэгжих юм.