Бүгд Найрамдах Улс тунхагласны ойн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-11-26 08:10:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой өнөөдөр тохиож байна.


Тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хэмжээт засагт Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халж, улс төрийн шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн томоохон үйл явдал юм. Ингэснээр туурга тусгаар Монгол Улсыг дэлхий дахинд зарлаж, Үндсэн хуульт Бүгд найрамдах байгууллыг сонгосонд энэ өдрийн ач холбогдол оршдог.


Анхдугаар Үндсэн хуулийг баталсан нь нийгэм эдийн засгийн ололтуудыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч хэмээн зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс хүйсийн тэгш эрхтэй байх  зарчмыг хангаж өгчээ. Харилцан шүтэлцээ бүхий энэ түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээр бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүн адил эрх тэгш байх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний үндэс суурийг энэ цаг үеэс тавьжээ.


Жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг "Улс тунхагласны баяр" хэмээн зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэдэг билээ. 






Холбоотой мэдээ