ТӨВ: Монгол туургатан театрын түүхт 40 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-11-26 14:23:10

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Монгол туургатан театр мэргэжлийн урлагийн байгууллага болон хөгжсөний түүхт 40 жилийн ой тохиож байна. Өнөөдөр театрын урлагийн их айл түүхт ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж, баярын хурлаа зохион байгуулж, театраас төрөн гарсан алдартан гавьяатнууд, үе үеийн уран бүтээлчид, ажилтан, албан хаагчид оролцлоо.


“Монгол туургатан театр”-т захиргаа, удирдлага, үйлдвэр, зохион байгуулалт, дуу, хөгжим, драм, бүжиг гэсэн 6 ангийн бүтцэд, нийт 65 уран бүтээлч ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн боловсон хүчний хангалт 98.4 хувьтай байна.

Алдар гавьяаны эзэд болсон ахмад үеийнхэн болон энэ цагийн уран бүтээлчид, ажилтан, албан хаагчдаа энэ өдөр алдаршуулж Төрийн дээд Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, салбарын болон аймгийн шагналаар шагнаж урамшууллаа.


Тэртээ 1938 онд соёл урлагийн очийг аймаг, орон нутагтаа асаасан анхны улаан гэр байгуулагдсанаас хойш 1943 онд аймгийн клуб болон хөгжиж, цаашлаад 1952 онд Соёлын ордон, 1982 онд МАХН-ын төв хорооны 220 дугаар тогтоолоор Хөгжимт драмын театр болон өргөжсөн түүхэн цаг үеэс хойш эдүгээ 40 дэх жилтэйгээ золгож байна.

Холбоотой мэдээ