Тариалангийн бүс нутагт цочир хүйтэрч, хяруу унах төлөвтэй байгааг анхааруулав 

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2016-08-24 18:15:44

ОБЕГ-аас хадлан, бэлчээр, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг уурын нөхцөл байдал болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа П.Баттогтох, ОБЕГ-ын УНХТГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Болдбаатар, ГШУГ-ын ахлах мэргэжилтэн, хошууч З.Баттулга, мэргэжилтэн, ахмад Ч.Туяа, дэслэгч М.Мөнгөнбарьяа нар оролцсон юм.

Мэдээллийн эхэнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа П.Баттогтох энэ жил бороо хур элбэгтэй байгаа боловч газар тариалангийн бүс нутагт ургац, хадлан авах хугацаа оройтож, тариа болон хүнсний ногооны болц оройтож болзошгүй байгааг онцоллоо. Түүнчлэн наймдугаар сарын сүүлийн арван хоног болон есдүгээр сарын дунд үеэс цочир хүйтэрч хяруу унах төлөвтэй байгаа учраас хяруунаас хамгаалах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулах, тариа будааг цасанд даруулахгүйн тулд зохистой арга хэмжээг авч, ангилан хадах үйл ажиллагааг цаг тухайд нь хийх шаардлагатай байгааг хэлэв. Үүнтэй холбогдуулж орон нутаг, аймаг сумдын онцгой байдлын комисс техник хангамж, хүч хэрэглэлийнхээ тооцоо судалгааг гаргах арга хэмжээ авах хэрэгтэйг анхаарууллаа.

Мөн ОХУ-ын Алтайн хязгаар, Тувагийн Бүгд Найрамдах Улс, Эрхүү зэрэг газруудад цочир хүйтрэх, үер усны аюул гарах, зарим газруудаар гантай байх төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан есөөс аравдугаар сард үргэлжлэн ой хээрийн түймэр гарч болзошгүй учраас тус бүс нутгаас эрчим хүчний хувьд хараат байдаг баруун аймгууд саатал доголдол гарах үед бэлтгэлтэй байж, урьдчилсан ажиллагааны төлөвлөгөөг тодотгоход анхаарч ажиллахыг зөвлөсөн юм.

Монгол орны зуншлагын төлөв байдлыг 2016 оны наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргахад нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь сайн, 35 орчим хувь нь гандуу, 5 хүрэхгүй хувь нь гантай байна. Аймгийн дүнгээр авч үзвэл Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай зэрэг 15 аймгийн 47 сумын нутагт бэлчээрийн даац онцгой хэтэрсэн бөгөөд өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй тул ард иргэдийн хувьд дулаан хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнсний нөөцийг эртнээс бэлтгэх, бэлчээрийн даацад тохирсон малыг өвөлжүүлэх, гэр орон, малын хашаа хороо, байр сууцны дулаалга, нөмөр хаалтыг хийх, засч сэлбэх хэрэгтэйг мөн хэвлэлийн хурлын үеэр санууллаа.

Харин 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөр”-т 1 хонин толгойд 1 кг өвсөөр тооцон нийт малын 25 хувийг 3-аас доошгүй хоног тэжээх өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхээр заасныг үндэс болгон нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Улсын нөөцөд өвс, тэжээл бүрдүүлэх ажлыг тухайн аймаг, орон нутаг дахь Улсын нөөцийн салбар хариуцан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй болон харьцуулалтын тендер зарлан орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулан улсын нөөцийн өвс, тэжээлийг бүрдүүлдэг учиртай. Одоогийн байдлаар Улсын нөөцөд өвс худалдан авах сонгон шалгаруулалтын ажиллагаа 50 хувьтай явж байгаа бөгөөд 2016 онд батлагдсан төсөв, Засгийн газрын тогтоолын санхүүжилтийн хүрээнд  10 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд 100 хувь бүрэн бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. 

Н.Туяа

Холбоотой мэдээ