СЭЛЭНГЭ: Бага ангийн бүх багш нарт хүрч ажиллахаар зөвлөн туслах баг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-17 13:23:47

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн БШУГ-аас багшийг ажлын байранд нь тасралтгүй хөгжихөд сургууль, багш нарт дэмжлэг үзүүлж, зөвлөн туслах үйл ажиллагааг явуулж эхэлжээ.

 

Дээрх үйл ажиллагааг өнгөрсөн 10 дугаар сарын 24-ний өдрөөс Бэлчир бүсээс эхэлсэн бөгөөд Хараа, Орхон, Сэлэнгэ бүсэд үргэлжлэн явуулж байгаа аж.

 

Энэ үйл ажиллагаанд аймгийн БШУГ-ын даргын тушаалаар батлагдсан зөвлөн туслах багийн гишүүд буюу сургалтын менежер, багш нар хамтран ажиллаж байна. Багийнхан хичээлд сууж ажиглалт, хэлэлцүүлэг хийж, сургалт зохион байгуулж байгаа аж.  

 

Бага ангийн сурагчдын уншиж ойлгох, математикийн суурь чадварыг оношлох, хөгжүүлэх явцын үнэлгээний арга зүйг сургалтандаа тогтмол хэрэгжүүлэхэд багийн ажил чиглэжээ.  


Сургууль, багш нарт дэмжлэг үзүүлж, зөвлөн туслах энэхүү үйл ажиллагаа ирэх 12 дугаар сарын 7-ныг хүртэл явагдах бөгөөд бага ангийн бүх багш нарт хүрч үйлчлэх аж.

Холбоотой мэдээ