Японы шинэ консорциум 2027 оноос дэвшилтэт чип үйлдвэрлэж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-11-15 10:57:38

ТОКИО. /Kyodo/. Японы “Toyota Motor”, Sony” зэрэг тэргүүлэх найман пүүсийн байгуулсан шинэ консорциум дараагийн үеийн хагас дамжуулагчийг 2027 оноос дотооддоо үйлдвэрлэж эхлэхээр зорьж байна.


Байгуулагдаад удаагүй “Rapidus” компани нь эдийн засгийн аюулгүй байдал, аж үйлдвэрийн өрсөлдөх чадварт амин чухал ач холбогдолтой 2 нанометрийн чипийн судалгаа, хөгжүүлэлтийг хийж, загварыг гарган үйлдвэрлэн борлуулах ажээ.


Rapidus” хэмээх нэрийн хувьд “rapid” гэсэн латин үгээс гаралтай бөгөөд компанийн чипийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгыг илэрхийлэх зорилгоор ийнхүү нэрлэсэн байна.


“Нийгэм дижитал эринд шилжиж байгаа энэ үед хагас дамжуулагч нь хамгийн чухал технологийн үндэс суурь байх болно” гэж тус компанийн удирдах зөвлөлийн дарга Хигаши Тэцүро мэдэгджээ.


Японы Аж үйлдвэрийн сайд Нишимүра Ясүтошигийн мэдээлснээр, Засгийн газар “Rapidus” компанид 70 тэрбум иений татаас олгох ажээ.


Дараагийн үеийн хагас дамжуулагчийг бүтээх олон улсын өрсөлдөөн ширүүсэж байгаатай холбоотойгоор Засгийн газар 2 нанометрийн чипийг шинэ консорциумын түншлэлээр 2020-иод оны эцэс гэхэд дотооддоо үйлдвэрлэхээр зорьж байна. 

Холбоотой мэдээ