ГОВЬ-АЛТАЙ: "100 булаг, 1000 малчин 15000 бөхөн" шинэ төслийн танилцуулах уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд "100 булаг, 1000 малчин 15000 бөхөн" шинэ төслийн танилцуулах уулзалт боллоо.
2023 оноос хэрэгжих шинэ төслийг малчид, сум орон нутаг, төсөл хөтөлбөр, мэргэжлийн байгууллагууд хамтран үр дүнтэйгээр үргэлжлүүлэн зохион байгуулах талаар уулзалт хэлэлцүүлэг боллоо хэмээн тус аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.
Говь-Алтай аймгийн тухайд булаг шандын эхийг хашиж хамгаалах ажлыг 2004 оноос модон шон өргөстэй тороор эхлүүлэн одоог хүртэл тасралтгүй зохион байгуулан 203 булаг шандын эхийг хашиж хамгаалсан байдаг. 2018 оноос эко клубийн хүүхдүүдийн санаачилгыг Дэлхийн байгаль хамгаалах сан дэмжиж Бөхөн бүхий Халиун, Төгрөг, Шарга, Баян-Уул, Дарви, Тонхил, Хөхморьт суманд нэн ховор, ховор амьтдын усан хангамжийг сайжруулах зорилгоор булаг шандын эхийг хашиж хамгаалах ажлыг эхлүүлж, 26 булаг хамгаалсан бол орон нутгийн төсөв буюу Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 7 булаг нийт 33 булгийг хамгаалж 328,798.8 сая.төгрөг үүнээс төсөл хөтөлбөрийн санхүүжилт 300,568.3, БНХСАХЗ 19,680.5, малчин иргэдийн хандив 8550.0 сая.төг зарцуулжээ.
Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгээр булгийн эхийг хашиж хамгаалаад орхилгүйгээр мониторинг судалгаа хийж булаг хамгаалсан үр дүнг үнэлэн, олон нийтэд сурталчлан, эзэнжүүлэн сум, малчин, эко клуб гэсэн гурвалсан гэрээ байгуулж, булгийн өдрийг жил бүрийн 5,10 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэн булгийн орчныг цэвэрлэж, хашаа хамгаалалтыг засаж сэлбэх өдөр болгон тэмдэглэсэн үр дүн, цаашид анхаарах асуудал болон булаг хамгаалснаар сүүлийн 5 жилийн хугацаанд хүрээлэн буй орчинд гарч буй эерэг үр дүнг хэлэлцэж, хамгаалсан булгийн үр дүнг харуулсан зургийн үзэсгэлэн гаргасан байна.
Энэ үйл ажиллагааг Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран Говь-Алтай аймгийн Төгрөг суманд зохион байгуулсан бөгөөд тус аймгийн БОАЖГ, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, БОХУБ, Эко клубийн багш, малчдын төлөөлөл 42 хүн оролцжээ.