“Meta” 11 мянга гаруй ажилтнаа цомхотгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-11-10 09:41:05

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч компани болох “Meta Platforms” 11 мянга гаруй ажилтнаа буюу нийт ажиллах хүчнийхээ 13 орчим хувийг цомхотгохоор болсноо мэдэгдлээ.


“Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг лхагва гарагт компанийн цахим хуудсаар дамжуулан энэхүү мэдэгдлийг хийжээ. Түүний хэлснээр, “макро эдийн засгийн уналт”-д орж, өрсөлдөөн ширүүсэж, зар сурталчилгааны борлуулалт буурч байгаа зэргээс шалтгаалан цомхотгол хийхээр болжээ.


Мөн тус компани ирэх оны гуравдугаар сар хүртэл шинэ ажилтан ажилд авахaa түр зогсоож байгааг зарласан байна. “Meta” коронавирусний цар тахлын үеэр цахим сурталчилгааны эрэлт хурдацтай өснө гэсэн төсөөлөлд тулгуурлан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн ч орлого хүлээлтээс доогуур байжээ.


Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, 2004 онд үүсгэн байгуулагдсанаас хойш тус компанийн хийсэн анхны томоохон цомхотгол энэ болж байна. Эдийн засаг саарч байгааг харгалзан Америкийн технологийн фирмүүд ажиллах хүчний зардлаа танах болоод байгаа юм.


Тухайлбал, “Amazon” компани ирэх саруудад шинэ ажилтан ажилтан авахгүй гэдгээ өнгөрсөн пүрэв гарагт мэдэгджээ. Мөн “Twitter” компанийн шинэ гүйцэтгэх захирал Илон Маск ижил нэртэй нийгмийн сүлжээний флатформыг худалдан авсныхаа дараа ажиллах хүчний тэн хагасыг цомхотгохоо мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ