М.Эрдэмбилэг: Багш маань соёмбо үсгийн элдэв нууцыг тайлахын тулд Энэтхэгт суралцсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2022-11-09 08:59:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчууд олон бичиг үсэг зохион хэрэглэж ирэхдээ тэдгээрээр уран гоё бичих тогтолцоог хамтад нь хөгжүүлж иржээ. Түүний нэг-хулсан үзгийн тигийн тухай болон соёмбо үсгийн талаар эртний олон бичиг мэддэг эрдэмтэн мэргэд төрсөн Зүүн хүрээ Дашчойлин хийдийн бурханч лам М.Эрдэмбилэгтэй ярилцлаа.


-Хулсан үзэг ямар онцлогтой, тухайлбал бийрийн бичлэгээс юугаараа онцлог байдаг вэ?

-Дэлхий дээр үзгийн, бийрийн гэсэн хоёр л уламжлал байна. Хятад, Солонгос бийрийн тигтэй. Манайх хуучиндаа хулсан үзэг, үнсэн самбарыг их хэрэглэдэг байж л дээ. 


Хулсан үзгийн бичлэгийг ярихын тухайтад уран зураг, бурхан зураг хоёроор харьцуулж ярья. Бурхан зураг бол шүтээн урлаж байгаа учир, нэгд сэтгэлээ ариусган тогтоож, нэг ёсондоо бясалган бодож урладаг. Тэгэхгүй бол хүний сэтгэл гэдэг задгай тавьчихвал дошгироод явдаг эд шүү дээ. Харин уран зургийг сэтгэл хөдлөл дээр тулгуурлаж бүтээдэг. Түүнтэй адил хулсан үзгийн тигээр сэтгэлээ тогтоож байгаад бичдэг онцлогтой. Өргөлт, цацлага, ширвээ байхгүй, хулсан үзгээ 20-30 хэмийн налуу бариад дээрээс доош, нар зөв эргэлттэй, үзэг салгахгүй бичдэг.


Уран бичээч М.Долгорын хулсан үзгийн бүтээл "Мандхай сэцэн хатны домог"

-Тэгвэл хатуу тиг барьж бичих юм байна. Хулсан үзгээр бичсэн бичиг үзэмжтэй сайхан харагддаг. Ер нь бичихэд хэцүү юу?

-Тийм ээ, хэдэн мянган жил тогтсон, хатуу тиг баримталж бичнэ. Үзэгний өргөн хэдэн см ч байж болно. Үзэгний өргөнийг нэг хувь гэж тооцоод түүндээ үндэслэн, шүд нэг хувь, шилбэ 1.5 хувь гэх мэтээр хэмжээг тогтоон үзгээ ерөөс мушгихгүй бичдэг. Тиймээс монгол хулсан үзгийн бичиг бол нарийн бүдүүн, өндөр өргөн зураас хосолсон маш цэгцтэй, мөн гайхамшигтай. “Төр” гэдэг үг байлаа гэхэд, төр ёсыг илтгэх мэт даацтай, тансаг харагддаг бичиг л дээ. Хулсан үзгээр бичихэд техникийг нь сурчихвал маш амархан. 


Бийрээр бичихэд уран сайхны сэтгэл хөдлөлөөр, ийм юм бичнэ гэсэн төсөөллөөр зарим хэлбэр дүрсийг хүчээр гаргадаг бол хулсан үзгийн үзэмж төгс зурлагыг гаргахад цахиртсан хүч шаардахгүй, бүх зурлагыг нь аргадаж хийнэ. Хулсан үзэг бол уртын дуу шиг аргагүй монгол газар, эрс тэс энэ цаг агаарт зохицон амьдарч ирсэн ард түмэн ингэж бичихээс яах вэ гэмээр, монгол хүний сэтгэлд ойр болох нь мэдрэгддэг л дээ. 


-Та “Бичиг соёл” төв дээр хулсан үзгийн сургалт явуулж байгаа юм билээ. Үзгээ яаж бэлдэж байна?

-“Бичиг соёл төв”-ийн тэргүүн Д.Ганбаатар багшийн хүсэлтээр тус төв дээр хулсан үзгийн сургалт явуулж байна. Би эхлээд аргыг нь зааж, нэг үзгийг нь хийгээд өгчихдөг. Хулсан үзгийг заавал хулсаар хийх шаардлагагүй юм билээ. Хар модны хатуу хэсгээр ч хийж болно. Ерөөс гарын дор материалаар хийх боломжтой. Арга барагдахад савхаар ч хийж болно.


-Монголчууд 13-р зуунаас хойш л гэхэд олон бичиг хэрэглэж ирсэн. Бүгд хулсан үзгийн тигтэй байсан уу, хоорондоо ялгаа байдаг уу?

-Монгол бичгээр бичих үзэг баруун руугаа налуу байдаг. Түүний дараа зохиосон Пагва ламын дөрвөлжин бичиг, Аюуш гүүшийн Али гали үсэг ч хулсан үзгийн тигтэй. Харин тод үсэг бол зүүн рүүгээ налуу үзгээр бичдэг онцлогтой. Тод үсгийн хэлбэр өвөрмөц сонин харагддаг нь зүүн рүүгээ налуу үзгээр бичдэгтэй нь холбоотой.  


Соёмбо үсэг мөн үзгийн тигтэй. Үсэгний өргөн нэг хувь, өндрийнхөө талын хэмжээтэй байна гэхчлэн бүх хэлбэр хэмжээ, дүрсийг Өндөр гэгээн маш нарийн айлдсан байдаг. Соёмбо үсгийг тэнгэрт үзэгдсэн бичиг гэдэг шүү дээ.


-Таны багш Ц.Мөнх-Эрдэнэ агсан нэртэй соёмбоч эрдэмтэн байсан. Ер нь Дашчойлин хийдийнхэн яагаад үсэг бичгийн судалгаанд шамдангуй зүтгэдэг уламжлалтай юм бол?

-Багш маань манай хийдийн унаган шавь, Архангай аймгийн харьяат. Манай хийдээс бичиг үсэгтэй сайн эрдэмтэн мэргэд их төрдөг. Манай хийд Ажаа гэгээнтэй ярьж байгаад Гүмбэн хийдэд 10-аад хүүхдийг 10-аад мэргэжлээр сургасан. Төвөддөө Гүмбэн хийд бичиг үсгийн сургалтаараа алдартай л даа. Миний хоёр багш тэнд сурч ирсэн.


Багш маань Төвөдийн маш олон бичиг мэддэг, нийт 13 бичгээр бичдэг байсан. Багш маань энд соёмбо үсгийг судлаад, Энэтхэгийн ланзыг бүр маш сайн үзэж байж, Соёмбо үсгийн элдэв нууцыг тайлж мэдэх юм гэж үзсэн юм билээ. Тэгээд Энэтхэгт гурван жил суралцсан.


Ер нь бол, Есөн зүйлийн сургууль гэж зүүн Хүрээнд 9 төрлийн эрдэм сургадаг, Богдын зарлигтай сургууль байсан юм билээ. Гаднаас ирсэн элдвийн бичиг сачгийг уншиж чаддаг ламгүй болох шинжтэй, тэднийг уншиж чаддаг лам нар бэлдэх хэрэгтэй байна гэж Богдод нэг шанзав лам нь айлтгаж л дээ. Тэгээд Хүрээний 30 аймгаас уртай, бичиг үсэгт сонирхолтой хүүхдүүдийг аваад Төвөдийн олон бичиг, Энэтхэгийн олон бичгийг зааж сургаж байжээ. Тэр сургууль 1937 онд хаагдсан. Тэр сургуулийн уламжлал Зүүн Хүрээ Дашчойлин хийд дээр хадгалагдаж байна гэж Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаач Р.Отгонбаатар хэлж байсан л даа.

 

-Мянган бурхны тамгатай манай соёмбо төстэй харагддаг. Ер нь багш тань соёмбо үсгийн элдэв нууцыг тайлахын тулд яагаад Энэтхэгт суралцах шаардлагатай гэж үзсэн юм бол?

-Тийм ээ, Мянган бурхны тамга гэдэг эртний бэлгэдэл бий. Өндөр гэгээн бясалгал хийгээд гарч ирэхэд нь Энэтхэгийн ланз үсэгтэй хувь чацуу үсэг тэнгэрт үзэгдсэн гэдэг шүү дээ. Тухайлбал, манай улсын далбаан дээр байгаа соёмбо бол соёмбо үсгийн эхний бирга, ном эхлэх тэмдэг ч гэж нэрлэдэг. Соёмбын нар, сарыг нь авчихаар ланзтай адил харагддаг үсэг гэх нь буй. Манай багш Энэтхэгт сурч байхдаа соёмбо үсэг гэж монголчуудын зохиосон үсэг байдаг гээд багшдаа бичиж үзүүлсэн юм билээ. Багш нь зарим үсгийг нь гаргаж уншаад, "мөн үү" гэж айлдсан гэсэн. “Мөн байна аа” гэж хариулсан чинь, “Хүн төрөлхтний эртний нэг бичиг үсэг байсан, тэр бичиг үсэг мартагдаад үгүй болсон. Тэр бичигтэй адилхан байж магадгүй. Харьцуулж үзэх гэхээр тэр үсгээс даанч юм олдохгүй байгаа” гэж тэр багш нь айлдсан гэсэн.



-Их сонин юм байна. Тэгэхээр "Соёмбо" гэдэг нь өөрөө гарсан гэгээн гэсэн утгатай санскрит үг. Соёмбынхоо ялгаа ондоошлыг гаргахад ижил төстэй бичиг үсгийг нь нарийн судлах шаардлагатай гэж Ц.Мөнх-Эрдэнэ агсан үзсэн юм байна л даа ...?

-Манай хийд дээр Хятадад хүлээн зөвшөөрөгдсөн их эрдэмтэй, нэг өвөр монгол хүн зочилж ирсэн юм. Би соёмбоор хэдэн юм биччихсэн байсан. Тэр хүн үзээд ихэд баясаж, “Хятадаас нэг эртний бичиг үсгийн дурсгал олдсон. Тэр дурсгалын он цагийг лавтай 3000 жилийн урьдах үеийнх гэж тодорхойлсон. Түүн дээр танай энэ соёмбо үсэг байгаа” гэж ярьсан. Тэр хүний хэлснийг багшдаа хэлсэн чинь “Мянган бурхны тамгатай андуурсан байх аа” гэж багш маань хэлсэн.


-Б.Ринчен гуай алтан соёмбын бэлгэдлийг маш сайхан тайлбарласан байдаг. Төрийн далбаан дээрх соёмбын хамгийн дээд талд нь сар, нар, гал дүрслэгддэг. Харин Өндөр гэгээний соёмбо үсгийн цагаан толгойн хамгийн эхний биргад яг ямар учир утгатай бэлгэдэл байдаг вэ?

-Түүнийг ингэж тайлбарладаг л даа. Ертөнц дээр байгаа юм бүхнийг гал махбод, усан махбод хоёрт хувааж болох юм билээ. Соёмбо үсэг дэх нар нь гал махбодтой, сарыг цагаанаар дүрслээд усан махбодтой гэж үздэг. Доор нь гал махбод, усан махбодтой хоёр загас буй. Цагаан буюу усан махбодтой загас нь дээрээ, гал махбодтой нь доороо байгаа.  Гал бол үргэлж дээшээ тэмүүлж байдаг, уруугаа хандана гэж байдаггүй, харин ус бол уруугаа хандаж байдаг. Усаа унагахгүй гээд гал махбодтой загас нь доод талдаа, галаа дээшээ хөөргөчихгүй гээд усан махбодтой нь дээрээ байдаг аж. Өөрөөр хэлбэл, тэр хоёр салчихвал ус нь доошоо, гал нь дээш салчих юм байна. Тэгээд хоёр загасын дунд ертөнц оршиж буй гэсэн бэлгэдэл агуулдаг байна. Тэр хоёр хэзээ салах вэ гэвэл, хүн өөд болоход салдаг гэж тайлбарладаг. Тиймээс хоёр загасын дээр буй сар, нар нь гэгээрсний бэлгэдэл болдог. Тиймээс гал махбодтой нар нь дээрээ байдаг онцлогтой. Хамгийн дээр нь Өндөр гэгээн галын ганцхан дөл шиг цэнхэр өнгийн бэлгэдлийг дүрсэлсэн байдаг. Тэр нь гал биш бөгөөд гэгээрээд хоосон чанарын агаарт шингэж буй бэлгэдэл юм.


-Соёмбо үсгийг хэл шинжлэлээс гадна, дизайн, анагаах, тэжээхүйн ухаан талаас нь судлах шаардлагатайг эрдэмтэд хөнддөг болсон байна. Тухайлбал, соёмбо яаж анагаах ухаантай холбогдох вэ?   

-Соёмбо үсэг бол үсгийн урлагийн хувьд өндөр уртай, гайхамшигтай л даа. Харин анагаах ухаан гэдэг нь элдвийн сахиусуудтай. Бурхан багш ад зэтгэр, муу сэтгэл, нисванисын элдвийн юмыг дарахын тулд 84 мянган ном номлосон. Тэгэхээр 84 мянган өвчин байна гэж үздэг. Тэдгээр нь хураагдсаар 404 өвчин болдог бөгөөд түүний 101 нь цэвэр адын буюу од гаргийн хорлол тохиолоос гарсан, тэдгээрийг засал ном, гүрэм сахиусны аргаар дардаг гэж үздэг. Түүнд тохирсон элдвийн шүтээн байдаг. Бурхны зарлигийн шүтээнүүд дээр соёмбоор бүтээсэн сахиусууд байдаг л даа. Үнэхээр соёмбыг тал талаас нь судлах шаардлагатай юм.


-Монголчуудын зохион хэрэглэж байсан бичгүүд ихэнх нь монгол нэртэй. Харин Өндөр гэгээн өөрийн зохиосон бичгийг яагаад санскритаар нэрлэсэн юм бол, та хэрхэн үздэг вэ?

-Ер нь монголчууд санскрит нэр их хэрэглэдэг шүү дээ. Тогос шувуу ургамлын хорыг түүж идсээр байгаад тийм гоё өнгөтэй болдог лугаа адил, бадамлянхуа балчиг намаг шаварт ургаж байгаа мөртлөө шавар наалдахгүй тийм гоё байдаг. Бурхан гэдэг нь мөн ийм байдаг байна. Бодисатва гэдэг бол хүн амьтны зовлонг хараад хүчээ аван гэгээрдэг юм байна. Тиймээс Энэтхэгт 1000 бурхан заларна гэдэг юм билээ. Хутагтын орны төстэй бичиг тэнгэрт үзэгдсэн болохоор хутагтын орны хэлээр тийнхүү нэрлэсэн болов уу гэж бодогддог.

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ