ЗАВХАН: Идэр сум сарлагийн цөм сүрэгтэй болж, нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-04 17:52:43

Завхан/МОНЦАМЭ/. Идэр сум “Сарлаг” брэндийг сумынхаа брэнд бүтээгдэхүүнээр зарласан. Тус сумын брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч “Анхил дөрвөн баатар” ХХК нь Улиастайд болсон “Хөдөлмөр эрхлэлт-ажлын байр" хөдөлмөрийн өдөрлөгт амжилттай оролцжээ.

Идэр сум нь 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 12.8 мянган толгой үхэр тоолуулж аймагтаа тавдугаар байрт оржээ. Ихэвчлэн сарлаг үхрийн сүрэгтэй. Тиймээс сарлагийн сүүнээс үйлдвэрийн аргаар гаргасан бүтээгдэхүүнээ багц болгон худалдаанд гаргаад буй. 

“Анхил дөрвөн баатар” ХХК-аас үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг сумын ИТХ-аас тогтоол гарган сумын брэнд бүтээгдэхүүн хэмээн батлаад буй юм.

Мөн “Сарлаг” багцын сав баглаа боодлын сонгон шалгаруулалтыг явуулж, шалгарсан иргэнд сум хөгжүүлэх сангаас 10.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Сарлаг багц ч худалдаанд шинэ савлагаа боодолтойгоор гарч эхэлснээр эрэлт ихтэй, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр хэд хэдэн удаа шалгарчээ.

Түүнчлэн Идэр сум мал сүргийн бүтцийг сайжруулах чиглэлээр хэд хэдэн үйл ажиллагааг явуулсан. Тухайлбал, “Гэгээн нутаг арвин сүрэг” ХХК-тай хамтран аймгийн цөм сүргээс 43 хуц, 30 ухна худалдан авч малчдад сүргийн бүтцийг сайжруулахаар тарааж өгөөд байна. Ингээд 900 сарлагт үзлэг ангилалт хийснээр суманд цөм сүрэгтэй болоод байгаа. Мөн мал хөнгөлөх дэвшилтэт технологи болох битүү засах аргыг ч нэвтрүүлээд байгаа тухай Идэр сумын ЗДТГ-аас мэдээлэв.

 

“Хөдөлмөр эрхлэлт-ажлын байр" хөдөлмөрийн өдөрлөгт амжилттай оролцсон, сарлаг брэндийг үйлдвэрлэгч “Анхил дөрвөн баатар” ХХК-ний захирал Б.Амараа:

 Сарлагийн сүү бол тослог ихтэй, хамгийн сайн сүү байдаг

-Сарлаг брэндийн бүтээгдэхүүнүүд Улаанбаатар хотод борлуулж эхэлсэн гэсэн?

-Тийм ээ. Манайх өөрийн сумандаа болон аймгийн төвийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэдэг байсан. Энэ намраас эхэлж Улаанбаатар хотод хоёр нэрийн дэлгүүрээ нээгээд байгаа. Өөрөөр хэлбэл манай бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдэд илүү танигдаж эхэлсэн гэсэн үг юм. Тодруулбал, Улаанбаатар хотын Дүнжингарав, Монгол фермер худалдааны төвүүдэд салбар дэлгүүрүүд маань ажиллаж байна.

-Энэ жил нийт хэдэн малчнаас түүхий эдээ худалдаж авсан бэ?

-Манайх сумынхаа 12-14 малчнаас тухайн зах зээлийн ханшаар нь үнэлж сүүгээ худалдаж авдаг. Энэ жилийн тухайд газрын гарц муу, сүү сааль ховор, малчид маань үнээгээ нэг удаа л сааж байсан болохоор 6-8 малчнаас тогтмол гэрээ хийж нэг литр сүүг 2000 төгрөгөөр үнэлж худалдан авсан.

-Танайх байгуулагдаад нэг жил болж байгаа гэхэд хэрэглэгчдэд хүрч чаджээ?

-Тийм ээ. Манай компани анх 2021 оны тавдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулсан. Идэр сумын 90 жилийн ойн үеэр сав баглаа боодлын уралдаан зарлаж, тэр уралдаанд миний бие оролцож, түрүүлээд сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн тэтгэлэг авсан. Ингээд анхны хөрөнгө оруулалттай болсноор сумынхаа брэнд сарлаг үхрийн сүүгээр үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Манайх бэлчээрийн малын сүүгээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн нь энэ юм. Малчдаас худалдан авсан сүүгээ үйлдвэрлэлийн аргаар боловсруулж эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд зориулалтын сав баглаа боодолтойгоор хүргэж байгаа. Бэлчээрийн малын сүүг хүнсний технологичийн зааврын дагуу боловсруулж, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэх зорилготой. Одоо сумандаа 5-7 хүнийг ажлын байраар хангаж байна.

-Өдөрт хэчнээн литр сүүг боловсруулдаг вэ? Яагаад заавал сарлагийн сүү гэж?

-Манайх өдөртөө 300-450 литр сүүг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сарлагийн сүүн ааруул, шар тос, ээзгий, тараг, боловсруулсан сүү, цөцгий, масло, аарцыг үйлдвэрлэдэг. Нэр төрлөө нэмж сарлагийн өрөм, зөөхийг худалдаанд гаргаад байна. Манайх бүтээгдэхүүнүүдээ сүү цагаан идээ боловсруулах уламжлалт технологийг хүнсний үйлдвэрлэлийн технологитой хослуулан амт чанартай гаргаж байгаагаараа онцлог. Тиймээс ч худалдан авалт, хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, борлуулалт ч өсөж байгаа. Гол нь бэлчээрийн малын сүүг малчдын гараас худалдан авч, амт чанарт өөрчлөлт оруулахгүйгээр нэмэлт хольцгүйгээр сүү цагаан идээгээ боловсруулж буй юм. Манай сум сарлаг үхрийн тоо толгойгоор аймагтаа тэргүүлдэг.


Сарлаг үхрийн 50 гаруй хувь нь далайн түвшнээс 2000 метрээс дээш, 40 орчим хувь нь 1600-2000 метрийн өндөрт байршиж, бусад төрлийн мал бэлчихэд тохиромжгүй нутгийн аль соргог, бэлчээрт идээшдэг амьтан юм билээ.

Мөн сарлагийн сүүний нийт гарцын хэмжээ хөхүүл явах хугацаатай шууд уялдаатай. Тухайлбал, хоёроос гуравдугаар сард тугалвал дунджаар 740 литр, дөрөвдүгээр сард 670 литр, тавдугаар сард 600 литр, зургаадугаар сард 560 литр хүртэл гардаг. Сарлагийн сүү маш өтгөн дунджаар тослог нь 7.2 хувь, уураг 5.3 хувь, чихэрлэг 5.2 хувь байх бөгөөд ялангуяа сааль татрах 9 дүгээр сараас бүр өтгөрч 10-11 дүгээр сард тослог нь 9 хувиас 12 хувьд хүрдэг онцлогтой маш өтгөн сүүтэй мал юм. Тиймээс сарлагийн сүүгээ үйлдвэрийн гол түүхий эдээ болгосон. Тэгээд ч сарлагийн сүүгээр хийсэн цагаан идээ нь амт сайтай байдаг.

-Цаашид үйлдвэрлэлээ өргөтгөх үү?

-Ирэх 2023 оноос халбаган савлагаатай шар тосыг үйлдвэрлэх зорилготой байгаа. Одоогоор сав баглаа боодлынхоо загварыг гаргаад байна. Мөн сарлагийн сүүгээр сыр хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Монгол улсад сыр хийж амжилттай ажиллаж байгаа Cheese Republik Mongolia-тай хамтран ажиллаж байгаа. Сыр үйлдвэрлэх, тоног төхөөрөмж, технологийн сургалт гээд бэлтгэл ажлын хүрээнд дээрх компанитай хамтран ажиллаж байгаа.

Түүнчлэн манай сарлаг брэнд бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлын загваруудынхаа патентын эрхээ Оюуны өмчийн газарт бүртгүүлж аваад байна. Австралийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Зорилтот сумын бизнес эрхлэгчдэд жендерийн мэдрэмжтэй дэмжлэг үзүүлэх нь” төслийн сургалтад хамрагдаж, төслөөс санхүүгийн дэмжлэг авч, хамтран ажиллаж байгаа. Энэ төсөл манай компанийн бизнесийн зөвлөхөөр ажиллаж байгаа, цаашид тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон юм. 

Тодруулж хэлбэл, өнгөрсөн тавдугаар сард Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Нэйл Сандерсон, нэгдүгээр нарийн бичгийн дарга Спенсер Хэйнс нар Завхан аймагт айлчилж хэд хэдэн асуудлаар хамтран ажиллахаар болсон юм.

Тухайлбал, мал аж ахуйг түшиглэн хонины үүлдэр угсааг сайжруулж, малаас гарч байгаа түүхий эд, ноос, ноолуур, арьс, ширийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгоход туршлага судалж нэвтрүүлэх. Энэ чиглэлээр байгуулах жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд хамтран ажиллахаар болсон нь ажил хэрэг болж манай компани тодорхой хэмжээний дэмжлэг авч, үйлдвэрлэлээ өргөтгөж байна. Мөн Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд бий болсон энэхүү “Сарлаг брэнд”-ийг өргөжүүлэн хөгжүүлж, дэлхийн зах зээлд гаргахаар болсон. 

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ