ХОВД: Малчид отор нүүдэл хийх санал гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-02 10:39:04

Ховд /МОНЦАМЭ/.  Бэлчээрийн ургамлын төлөв байдал, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан энэ өвөл Ховд аймгийн малчид отор нүүдэл хийх нь харьцангуй нэмэгдэх төлөвтэй байна. 


Малчид отрын сүргийг бэлчээрийн шинж чанараар нутагт дасгах, таргалуулах гэсэн хоёр арга хэрэглэдэг. Зун, намрын отор бол тарга хүчнийх. Харин өвөл, хаврынх бол бэлчээр сонгож мал сүргийг онд сайн оруулах отор юм. 


Тус аймгийн Дөргөн, Мянгад, Мөнххайрхан, Чандмань сумаас Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Булган сум, Говь-Алтай аймгийн Тонхил сум, Увс аймгийн Өлгий, Өмнөговь сум, Завхан аймгийн Дөрвөлжин суманд нийт 54 өрхийн 42.5 мянган мал отроор өвөлжиж, хаваржих санал (захиалга) иржээ. 

Мөн өөрийн аймгийн бусад сумын нутагт 413 өрхийн 269.8 мянган толгой мал, Дарви сумын Баян нурууны улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт Дарви, Дөргөн, Зэрэг сумын нийт 83 өрхийн 97.2 мянган мал өвөлжиж, хаваржих санал хүсэлт (захиалга) ирсэн боловч отрын бүсийн даац энэ жилийн хувьд 27.0 мянган мал оруулах боломжтой гэж гарсан байна.  

Иймээс Дарви сумын 28 өрхийн 23.6 мянган мал, Хилийн зурвас бүс нутагт 150 өрхийн нийт 127.3 мянган мал, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт нийт 1346 өрхийн 588.6 мянган мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гараад байна гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.  

Холбоотой мэдээ