ДУНДГОВЬ:“Өв соёл бидний бахархал-2022” урлагийн бага наадам болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-01 15:09:51
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өндөршил сумын Соёлын төвөөс санаачлан “Өв соёл бидний бахархал-2022” аймгийн урлагийн бага наадмыг зохион байгуулж, 8 сумын 65 ардын авьяастан оролцжээ.

Тус наадмыг сумын ЗДТГ, аймгийн Соёл урлагийн газар, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр хамтран зохион байгуулж, Баянжаргалан, Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Өлзийт, Адаацаг, Өндөршил, Говь-Угтаал, Гурвансайхан сум зохион байгуулалттайгаар хүрэлцэн иржээ.

Соёлын биет бус өв, үндэсний ёс заншлаа судалж, хамгаалж, сэргээж, хөгжүүлж, өвлүүлэн түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий тус наадмын оролцогчид уртын дуу, хөгжмийн гоцлол, бүжгийн гоцлол, ардын дууны гоцлол, харилцаа дуу, “уламжлалт ёс заншил, зан үйл”, “ардын тоглоом наадгай малын уриа дуудлага”, язгуур урлагийн хамтлаг гэсэн 8 төрлөөр авьяас, чадвараа сорьсон аж.

“Өв соёл бидний бахархал-2022” аймгийн урлагийн бага наадмын Гранпри шагналын эзнээр Цагаандэлгэр сумын ардын авьяастан Э.Дорждавга шалгарч, Шилдэг өвлөн уламжлагч болжээ.

Уртын дууны гоцлол Баянжаргалан сумын оролцогч Т.Шану, Ардын богино дууны гоцлолд мөн сумын оролцогч П.Отгончимэг, Харилцаа дууны төрөлд Цагаандэлгэр сумын оролцогч  Б.Сэргэлэн, Д.Идэрцэцэг, Хөгжмийн гоцлолд Өлзийт сумаас оролцсон Г.Батбаяр нар төрөл тус бүртээ тэргүүн байрт шалгарчээ.

“Ардын тоглоом наадгай малын уриа дуудлага” төрөлд Өндөршил сумын “Соёлын арга билэг хамтлаг”, “Уламжлалт баяр наадам зан үйл ёс заншил” төрөлд Баянжаргалан сумын оролцогч Т.Шану,Хандсүрэн, Р.Шинэбаяр нарын баг, “Язгуур урлаг” төрөлд Баянжаргалан сумын оролцогчид түрүүлжээ.

Урлагийн бага наадамд оролцсон байдал, зохион байгуулалт, багийн дүнгээр Баянжаргалан сумын Соёлын төв тэргүүлж, Өндөршил сум, Өлзийт сум, Цагаандэлгэр сумын Соёлын төвүүд удаах байруудад шалгарсан байна.  

Холбоотой мэдээ