МОНЦАМЭ агентлаг ОАНА-ын Удирдах зөвлөл, Техникийн хорооны гишүүнээр улиран сонгогдлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллага (OANA-ОАНА)-ын 18 дугаар Ерөнхий Ассамблейн хурал Исламын Бүгд Найрамдах Иран Улсын нийслэл Техран хотод 10 дугаар сарын 23-26-нд боллоо.
Энэ удаагийн Ерөнхий Ассамблейн хурлыг Иран улсын төрийн мэдээллийн ИРНА (IRNA) агентлаг зохион байгууллаа. Хурлаас Техраны тунхаглалыг баталж, Удирдах зөвлөл, Техникийн хорооны гишүүдийг шинээр сонголоо.
Мөн Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагын ерөнхийлөгчийн албыг БНСУ-ын ЁНАП (Yonhap) агентлагаас ИРНА агентлагт шилжүүлэн өгч, 2025 онд болох 19 дүгээр Ерөнхий Ассамблейн хурлыг ОХУ-ын ТАСС агентлаг Москва хотноо зохион байгуулахаар болов.
Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагын ээлжит Ерөнхий Ассамблейн хуралд МОНЦАМЭ агентлагийн дарга Г.Амартүвшин тэргүүтэй төлөөлөгчид оролцож, энэ үеэр Япон улсын Киодо, Бүгд Найрамдах Болгар Улсын мэдээллийн агентлаг (BTA)-тай хамтран ажиллах тухай "Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг"-ийг тус тус байгууллаа. Түүнчлэн хоёр талын уулзалтуудын үеэр МОНЦАМЭ агентлагаас ТАСС, Киодо агентлагийн удирдлагыг Монголд албан ёсоор урьсан бол BTA агентлагаас МОНЦАМЭ агентлагийн удирдлагыг Болгар улсад айлчлахыг урилаа. Мөн ОХУ-ын ТАСС, Японы Жижи агентлаг (JIJI), Тайландын мэдээллийн агентлаг (TNA), Филиппиний мэдээллийн агентлаг (PNA)-тай "Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг"-ийг ойрын үед байгуулахаар тохиролцов.
МОНЦАМЭ агентлаг энэ удаагийн Техранд болсон Ерөнхий Ассамблейн ээлжит хурлаас Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагын Удирдах зөвлөл, Техникийн хорооны гишүүнээр улиран сонгогдлоо.
ОАНА ба МОНЦАМЭ агентлагийн хамтын ажиллагааны тухай:
Ази-Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллага нь 1961 онд ЮНЕСКО-ийн санаачилгаар байгуулагдсан, бүс нутгийн 35 орны 40 гаруй мэдээллийн агентлагийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм.
Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 1981 онд OANA-д гишүүнээр элсэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн бөгөөд 2010 онд Турк улсын Истанбул хотноо болсон Ерөнхий Ассамблейн ээлжит хурлаас анх удаа Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, 2011 онд Улаанбаатар хотноо Удирдах зөвлөлийн хурлыг амжилттай зохион байгуулсан юм. Улмаар 2013, 2019 онд Ерөнхий Ассамблейн хурлаас Удирах зөвлөлийн гишүүн, 2016 оноос Техникийн хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байв.
МОНЦАМЭ агентлаг нь Ази-Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээ www.oananews.org цахим хуудсанд Монголын тухай мэдээ, мэдээллийг англи хэлээр гэрэл зураг, дуу дүрстэйгээр өдөр бүр оруулж, гишүүн орнуудтай харилцан мэдээлэл солилцож байна.