СЭЛЭНГЭ: Төр, улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн уулзалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-29 18:22:36

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хойд бүсийн аймгуудын төр, улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн туршлага солилцох уулзалт Сэлэнгэ аймагт боллоо. 


Уулзалтын үеэр төр, улаан загалмайн хамтын ажиллагааны хүрээнд хойд бүс тэр дундаа Сэлэнгэ аймаг тэргүүлж явдаг гэдгийг МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг онцолж байв. Тэрээр цаашид сумдад төр, улаан загалмайн зөвлөлийн салбарыг байгуулахад дэмжиж, чиглүүлж ажиллахыг хүссэн юм.

 

Баасан гарагт болсон эл уулзалтад Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн төр, улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн дарга, гишүүд, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, дунд шатны хороодын дарга нар оролцлоо. Тэд өөрсдийн аймагт хийж хэрэгжүүлж буй шинэлэг ажлуудаасаа танилцуулж, харилцан мэдээлэл солилцон, туршлагаа хуваалцлаа.

 

МУЗН-ээс сүүлийн 3 жилд 5.5 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлнээс Сэлэнгэ аймагт 200 гаруй сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна.

 

Төр улаан загалмайн хамтын ажиллагааг 2016 онд хуульчилж өгснөөр хамтын ажиллагаа улам өндөр түвшинд хүрэх үндэс болжээ. Тус аймаг 2004 оноос эхлэн Сэлэнгэ Улаан загалмайн хороотой хамтран ажиллаж байгаа аж.

 

Энэхүү үйл ажиллагааны үеэр аймгийн ЗДТГ-ын дарга, ТУЗХАЗ-ийн дарга Ө.Сувдаатай зөвлөлийн үйл ажиллагааны талаар ярилцлаа.

 

Тэрбээр: ”Төр, улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөл нь ард иргэдийг гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хэрвээ гамшиг осолд нэрвэгдсэн тохиолдолд ямар ажлыг зохион байгуулах, мөн төрийн дэмжлэг юу байна, төрийн болоод төрийн бус байгууллагаас хүмүүнлэгийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг.  

 

Манай зөвлөлийн хувьд аймгийн Засаг дарга, аймгийн УЗХ-той хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Жил бүр гамшиг осолд нэрвэгдсэн айл өрхөд тусламж үзүүлэх, ялангуяа гал түймэрт өртсөн, орон гэргүй болсон иргэдэд 2004 оноос эхлэн тусламж үзүүлж ирлээ.

 

Ингээд 2016 оноос зөвлөл болон байгуулагдаж мөн л энэхүү дэмжлэгээ үзүүлсээр байна. 2017-2022 оны хувьд энэ 5-6 жилийн хугацаанд МУЗ-н хүмүүнлэгийн байгууллагаас улс орон даяар нэлээд их дэмжлэгийг үзүүлсэн. Ялангуяа малчдад зуд тохиолдох, байгалийн давагдашгүй хүчин зүйл үер ус, шуурга зэрэгт өртөхөд маш их дэмжлэг үзүүлсэн байна. Тухайлбал ковидын хүнд үед УЗН-ээс Сэлэнгэ аймагт нийтдээ 230 өрхөд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ ковидын нөхцөл байдлын үед тэргүүн фронтод ажилласан 892 ажилтан, албан хаагч хүмүүст нэг удаагийн ариутгах бодис, хамгаалах хэрэгслээр ханган ажилласан.

 

Энэ мэт олон үйл ажиллагааг явуулж, 200-гаад сая төгрөгийн дэмжлэгийг сүүлийн 5 жилийн хугацаанд УЗХ-ноос аймгийн иргэд, алба хаагчдад олгосон” хэмээн ярилаа.

 

Мөн Сэлэнгэ аймгийн УЗХ-ны дарга Ц.Ганчулуунаас сэтгэгдлийг нь хуваалцлаа. Тэрбээр:

”Манай аймгийн хувьд хууль хэрэгжиж эхлэхээс өмнө энэхүү хамтын ажиллагаа байсан бөгөөд төрөөс манай байгууллагад хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад санхүүжилт өгч ажиллаж байсан ийм ариун туршлагатай.

 

Энэ ч утгаараа хойд бүсийн 5 аймгийн төр, улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн туршлага солилцох уулзалт тус аймагт улсын хэмжээнд анх удаа болж байгаа нь их онцдог болж байна. Бид цаашдаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээр жил болгон улсын болоод орон нутгийн төсөвтөө хүмүүнлэгийн үйл ажиллагаанд чиглэсэн санхүүжилтийг орон нутгийн төсөвт суулгуулах чиглэлээр илүү ажиллахыг зорьж байгаа.

 

Мөн дөрвөн үндсэн хөтөлбөрийн хүрээнд хүмүүнлэгийн чиглэлээр хүүхэд залуучуудыг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд татан оролцуулах, идэвхжүүлэх, эрүүл мэнд, нийгмийн халамж оролцоог дэмжих чиглэлээр төр, улаан загалмайн хамтын ажиллагааг сайжруулахад анхаарна.

 

Бид энэ уулзалтыг хийхдээ бүс хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр төлөвлөгөө гаргаж, зохион байгуулсан” хэмээв. 

Холбоотой мэдээ