ХОВД: Эх барих, нярайн чиглэлийн 13 нэр төрлийн тоног төхөөрөмж хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-25 12:57:52

Ховд /МОНЦАМЭ/. "Найдвар түгээе" ТББ-аас Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэдэх “Эх барих, эмэгтэйчүүдийн клиник”-т  13 нэр төрлийн 30 ширхэг тоног төхөөрөмж хандивлалаа.   

“Найдвар түгээе” буюу “Link hands for hope” олон улсын байгууллага 2014 оноос эхлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, дэмжих зорилгоор 9 аймагт сайн үйлсийн ажил хийжээ.  Тодруулбал, 2022 онд 5 аймгийн нэгдсэн эмнэлэгт эх, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж хүлээн өгч байгаагийн нэг нь Ховд аймаг юм. 

Өнөөдөр “Найдвар түгээе” олон улсын сайн дурын байгууллагын Монгол дахь төлөөлөгч, гүйцэтгэх захирал П.Чулуунбатын гэр бүл Ховд аймагт ажиллалаа. Энэ үеэр 13 нэр төрлийн 237 сая төгрөгийн өртөг бүхий 30 ширхэг тоног төхөөрөмжийг Ховдын эмч, мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгөв.

Ийнхүү эх, нярайн ЭХО, ор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, дусал болон тариурын автомат шахуурга зэрэг дутуу нярай, хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагтай байсан тоног төхөөрөмжүүд ирснээр Ховд аймагт эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг  нэмэгдүүлэх, эх нярайн эндэгдлийг буруулах боломж өргөжиж байна гэж эмч, мэргэжилтнүүд онцоллоо.  

Холбоотой мэдээ