ГОВЬ-АЛТАЙ: Нэгдсэн эмнэлэгт 280 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-25 10:28:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Найдвар түгээе” олон улсын байгууллагаас Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт эх барих, нярайн 11 төрлийн 36 ширхэг тоног төхөөрөмж хандивлалаа.


“Link hands for humanity” олон улсын ТББ нь 2014 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд анх жилийн 20 сая төгрөгийн төсөвтэй сайн үйлсийн ажил хийж байсан бол үйл ажиллагаа нь өргөжиж, энэ онд жилийн төсөв нь 1 тэрбум 200 сая болжээ. Үүний үр дүнд 2022 онд 5 аймаг эх, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээн авч байгаагийн нэг нь Говь-Алтай аймаг болж байна. 

Аравдугаар сарын 24-нд “Link hands for humanity” олон улсын сайн дурын байгууллагын Монгол дахь төлөөлөгч П.Чулуунбатын гэр бүл тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн дутуу нярай, хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай 11 нэр төрлийн 280 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. 

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Батзориг, Нэгдсэн эмнэлгийн дарга Ш.Мэндсайхан, эмч, мэргэжилтнүүдийн хамт оролцлоо. 

Хүлээлгэн өгч буй тоног төхөөрөмжид эх, нярайн ЭХО, нярайн ор, дулаацуулах ширээ, шарлагын аппарат, ургийн монитор, өвчтөний монитор, хүчилтөрөгчөөр хангагч, шарлалт хэмжигч, инкубатор зэрэг дутуу нярай, хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагтай байсан тоног төхөөрөмжүүд багтжээ. 


Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Батзориг:

-“Нийслэл хотоос 1000 гаруй км алслагдсан тус бүс нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, эх нярайн эндэгдлийг буруулах чиглэлд бодит хувь нэмэр оруулж, хөрөнгө оруулалт хийж байгаад талархаж байна” хэмээн онцлоод “Link hands for humanity” олон улсын сайн дурын байгууллагын Монгол  дахь төлөөлөгч П.Чулуунбатад Говь-Алтай аймгийн хүндэт иргэн тэмдгийг гардуулсан тухай холбогдох албанаас мэдээлэв.


Холбоотой мэдээ