Улаанбаатар хотын музей өвлийн цагийн хуваарьт шилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-10-13 08:34:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын музей өвлийн цагийн хуваарьт энэ сарын 10-наас шилжлээ.

 

Тус музей ажлын өдрүүдэд 8.00-17.00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна. Нийслэл хотынхоо түүхийг мэдэхийг хүсвэл тус музейг зорих боломжтой. Том хүн 3000, оюутан 1500 төгрөг, 16 хүртэлх  насны хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

 

Нийслэл Улаанбаатар хотын түүхэн замнал, хөгжил дэвшлийг нийслэлийн иргэд, зочид гийчдэд таниулах зорилгоор тус музейн анхны суурь 1956 онд “Улаанбаатар хотын түүхийн үзэсгэлэн” нэртэй байгуулагджээ.

Улаанбаатар хотын түүхэн хөгжлийн үечлэлээр үзмэрүүдээ ангилж гурван танхимд дэлгэн үзүүлдэг.  Музейн сан хөмрөг 3300 гаруй үзмэртэйгээс үзүүллэгийн танхимд нийт үзмэрийн гуравны нэг нь тавигдаж үзэгчдийн хүртээл болж байна. Музейн сан хөмрөг дэх үзмэрийн онцлох заримаас сонирхуулвал, нэрт зураач Д.Манибадар 1946 онд зурсан “Нийслэл хүрээ” зураг, Төрийн соёрхолт, Гавьяат сийлбэрчин Д.Сэнгээгийн “Түүхт Улаанбаатар” зааны соёон сийлбэр, 1976-2000 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх III ерөнхий төлөвлөгөө, Туул голын орчмоос олдсон 5 сая жилийн тэртээ амьдарч байсан Арслан зааны яс, XIX-ХХ зууны үед Их хүрээний урчууд урласан өвөрмөц хийц, загвар бүхий гэр ахуй, гоёл чимэглэлийн зүйлүүдийг дурдаж болно.



Холбоотой мэдээ