ДУНДГОВЬ: Эрдэнэдалай сумын Соёлын төв гавьяат багш Ц.Дэлгэрийн нэрэмжит боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-10 15:28:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Соёлын төв Монгол Улсын гавьяат багш, уртын дууч, СУИС-ийн хүндэт профессор Цэвээндоржийн Дэлгэр агсны нэрэмжит болж, шинэ барилгын нээлтээ хийлээ.

Тус соёлын төв, номын сангийн шинэ барилгыг "Криетив Монголиа" ХХК-ийн зохиосон зураг төслийн дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Ган бүрд” ХХК гүйцэтгэжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ЭЗХЯ-ны дэд сайд С.Наранцогт, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, сумын Засаг дарга Б.Лхагвамандал болон Ц.Дэлгэр агсны үр хүүхдүүд, шавь нар, бусад сумын удирдлагууд оролцсон байна.

Эрдэнэдалай сумын Соёлын төв 1946 онд Улаан булан нэртэй байгуулагдаж, 76 дахь жилдээ сумын иргэдэд соёлын үйлчилгээг хүргэж байгаа байгууллага юм.

Жил бүр урлаг уран сайхан, соёл олон нийтийн 117-128 үйл ажиллагаа зохион байгуулж, давхардсан тоогоор 20000-25000 хүнд үйлчилж, үндэсний хөгжим, бүжиг, дуу, даралтат хөгжим, яруу найраг, хөтлөгчийн дугуйлан хичээллүүлдэг ажээ.

Харин Номын сан нь 1962 онд байгуулагдсан, өдгөө 4765 гаруй мянган номын фондтой, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байна.

Шинэ барилгын нээлтийн үеэр тус Соёлын төвийг Монгол Улсын гавьяат багш, уртын дууч, Соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор Цэвээндоржийн Дэлгэр агсны нэрэмжит болгосныг зарлаж, түүний амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж, шавь нар нь “Дэлгэр их өв” хүндэтгэлийн тоглолт хийжээ.

Түүнчлэн Монголын уртын дууны урлагийг түгээн дэлгэрүүлж хөгжүүлэх, сурталчлан таниулах зорилгоор "Дэлгэр их өв сан" ТББ-ыг санаачлан байгуулж, анхны хурлаа хийж, сангийн тэргүүнээр МУГЖ, СУИС-ийн Уртын дууны дуулах ур зүйн багш, докторант С.Цогтсайхан сонгогдсон аж.  

Монгол уртын дууны дэг сургалтыг өвлүүлэн уламжлуулагч Ц.Дэлгэр нь 1956 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн. 1985 онд Улсын багшийн дээд сургуулийн Дуулаачийн ангийг Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын удирдлага дор суралцаж төгссөн дээд боловсролтой анхны уртын дуучдын нэг байжээ.

Тэрээр төв халх аялгуугаар “Эртний сайхан”, “Өвгөн шувуу хоёр”, Баянбараат аялгуугаар “Цэцэн хааны хүлэг”, Боржигон аялгуугаар “Жаргалтайн дэлгэр” зэрэг уртын дуунуудыг дуулж, 1985-1995 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллах хугацаандаа Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурьд 428 удаа дуулсан гэдэг.

Ц.Дэлгэр нь 1996 оноос Соёл, урлагийн их сургуулийн Дуулах урлагийн тэнхимд багшлахдаа уртын дууны олон арга барилыг шавь нартаа эзэмшүүлж, өвлүүлэн үлдээсэн сурган хүмүүжүүлэгч байсан бөгөөд “Баянбараат дэг аялгуугаар дуулах арга барил”, “Боржигон найрын дэг”, “Багшийг шүтэх ёсон” зэрэг судалгааны өгүүллийг нийтлүүлэн, эрдэм шинжилгээний хуралд олон арван илтгэл хэлэлцүүлсэн аж.

Түүний хөдөлмөр, бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж, 1998 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2001 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2004 онд “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2012 онд Монгол Улсын гавьяат багш цол хүртжээ. 

Холбоотой мэдээ