ДУНДГОВЬ: Хууль, хүчний тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-07 17:33:47
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн музейд өнөөдөр хууль, хүчний тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын түүхэн үзэсгэлэнгийн нээлт болов.  

Тус үзэсгэлэнд аймгийн Шүүх, Цагдаагийн газар, ОБГ, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Прокурорын газар оролцож, байгууллагынхаа түүхэн баримт, өнгөрсөн үеийн болон орчин үеийн тоног төхөөрөмж, өмсгөл, хувцас хэрэглэлийг дэлгэн үзүүлж байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр байгууллагууд үзмэрүүдээ тайлбарлаж таниуллаа. Тус үзэсгэлэнд Шүүхийн шинжилгээний алба хэргийн газар ашигладаг байсан анхны зургийн аппарат, шинжээч нарын өмсгөл, хэргийн газрын үзлэг хийхэд ашигладаг гэрэл, зургийн цомог, улирал бүр гаргадаг сэтгүүлүүдээ дэлгэн үзүүлжээ.


Онцгой байдлын газар Гал команд, Улсын нөөцийн салбар, Иргэний хамгаалалт гэсэн гурван салбар нэгдсэн тогтолцоонд шилжсэнээс хойших техник хэрэгсэл, гал сөнөөгчдийн өмсгөл, тоног төхөөрөмжийг тус үзэсгэлэнд байршуулсан байна.


Харин аймгийн Цагдаагийн хэлтсээс үе үеийн цагдаагийн алба хаагчдын дүрэмт болон хамгаалалтын хувцас, тоног хэрэгслийг үзэсгэлэнд дэлгэсэн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өдөр тутмын, хээрийн болон ёслолын хувцас, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх үедээ ашигладаг багаж, хэрэгсэл, зургийн цомог, түүхийн номоо танилцуулжээ.


Аймгийн шүүхийг 1942 онд байгуулсан. Тус байгууллагын бүрэлдэхүүнд Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүх харьяалагддаг.

Тус байгууллага түүхэн зургийн цомог, шүүх хуралдаанд ашигладаг байсан 3 үеийн хавтас, сампин, радио, бичгийн машин, тамга, анхны ашиглаж байсан хуулиуд, шүүгч нарын барьж байсан үзэг, тэдний шүүх хуралдаанд өмсдөг нөмрөг, 1998 оны үеийн хавтаст хэргийн материал зэргийг үзэсгэлэнд байрлуулсан байна.  


Прокурорын газар 1995-2000 онд хэрэглэж байсан анхны компьютер, 1950-иад оны үед хэрэглэж байсан радио, зургийн аппарат, алба хаагчдын өмсгөл, байсан дүрэмт хувцас, шүүх хуралдаанд орохдоо өмсдөг нөмрөг, түүхэн ном зэргийг үзэсгэлэнд дэлгэн үзүүллээ.

Үзэсгэлэн хоёр долоо хоног үргэлжилж, хууль, хүчний тусгайлсан чиг үүрэг бүхий дээрх байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах ажээ. 



Холбоотой мэдээ