Дөрвөн аймагт боомтын захиргааны салбар нэгж байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2022-10-05 14:44:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ аймагт Боомтын үндэсний захиргааны салбар нэгж байгуулахаар болжээ.


Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэхдээ, “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргын бүтэц бий болсон. Үүнтэй холбоотой сайдын ажлын алба байгуулагдаж, цаашид Монгол Улсын Боомтын захиргаа аль түвшинд хэрхэн үйл ажиллагаа явуулах талаар яригдаж, ажлын албаны түвшинд шийдэгдсэн байсан. Засгийн гзарын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын боомтын сэргэлтийн асуудал эрхэлсэн сайд, сайдын дор байх Боомтын үндэсний захиргаа дөрвөн аймагт салбар нэгжээ байгуулж ажиллахаар шийдвэр гарсан. Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ аймагт боомтын аймгийн салбар захиргаа үйл ажиллагаа явуулна.


Боомтын захиргаа нь нэгдсэн удирдлагаар хангагдаж ажиллах бөгөөд БНХАУ, ОХУ-тай ижил түвшинд харилцаа үүсгэж хилийн боомтын түвшинд үүсээд байдаг хүндрэл бэрхшээлийг арилгахын төлөө үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн” гэв.

Тус захиргаа нь:
-Ашигт малтмал, газрын тос, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх,        
-Улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, хууль сахиулах болон хилийн хяналтын  байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоог нэгдсэн зохицуулалтаар хангах
-Боомтын хөгжлийн асуудлыг төлөвлөх, орон сууц, цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг хариуцаж, боомтын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэх
-Хилийн боомт дахь төрийн өмчийн бүртгэл, хяналтыг хариуцах юм.

Холбоотой мэдээ