ДУНДГОВЬ: ОНХС-гийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр Дэлгэрцогт сум хамгийн өндөр үнэлэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-04 16:21:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 330 сумын ОНХС-гийн үйл ажиллагааны жилийн гүйцэтгэлийн 2022 оны үнэлгээгээр Дундговь аймгийн 2 сум 30 хувийн урамшуулал, 11 сум 25 хувийн урамшуулал авахаар болжээ.  


Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хооронд байгуулсан санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд 21 аймгийн 330 сумын Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд 2016 оноос эхлэн жил бүр Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ хийж иржээ.


ЖГҮ нь “олон нийтийн оролцоо”, “төлөвлөлт”, “ил тод байдал”, “хэрэгжилт”, “хяналт, шинжилгээ-үнэлгээ”, “өмчлөл” гэсэн зургаан бүлгийн 34-35 үзүүлэлтээр сум бүрийн ОНХС-гийн үйл ажиллагаа, засаглалыг тодорхойлдог үнэлгээ ажээ.


Тус үнэлгээгээр энэ жил Дэлгэрцогт сум 86 хувьтай үнэлэгдэж, улсын хэмжээнд 31 дүгээрт, аймагтаа нэгдүгээрт эрэмбэлэгдсэн бол Сайхан-Овоо сум 83 хувьтай үнэлэгдэж, улсын хэмжээнд 48, аймагтаа хоёрдугаарт жагссан байна.


ОНХС-гийн 2021 оны жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр Дэлгэрцогт сум 48 хувийн үзүүлэлттэй шалгуулж, урамшуулалгүй үлдэж байсан бол энэ жил амжилтаа 38 хувиар ахиулж, хамгийн өндөр үнэлгээ авчээ.  


2022 онд Дундговь аймгийн 15 сум ОНХС-гийн 2,883,016.30 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутагтаа төсөл, үйл ажиллагааг зохион байгуулж, жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр 13 сум 645,415.10 мянган төгрөгийн урамшуулал авахаар болсон байна. Харин Дэлгэрхангай, Өндөршил сум 60 хувиас доош дүнтэй үнэлэгдсэн тул энэ жил урамшуулал авахгүй ажээ. 

Холбоотой мэдээ