ӨВӨРХАНГАЙ: Ж.Сайнжаргал: Хөхүүр бол айргийг байгалиасаа дагаж ирсэн сав юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-04 06:34:59

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хөхүүр хийх аргыг хоёр талын аав, ээжээсээ уламжлан авч, өрхийн үйлдвэрлэл болгон хөгжүүлж яваа нэгэн гэр бүлтэй ярилцлаа. “Нарт хонгорын өгөөж” ХХК-ийг байгуулан үйл ажиллагаа эрхэлж байгаа ч хэрэглэгчид “Батнасангийн хөхүүр” гэдгээр илүү таних аж. Хөхүүр урлаач Ж.Батнасангийн гэргий Ж.Сайнжаргалтай хөхүүрний талаар цөөн хором хөөрөлдлөө. 


-    Танай гэр бүл хэзэээнээс хөхүүр хийж эхлэв. Хөхүүр урлахыг анх яаж сурч байсан бэ?

-   Бид хоёр хоёулаа л хөдөө өссөн. Хоёр талын эцэг, эх маань өөрсдөө хөхүүрээ хийгээд айргаа исгэдэг байсан болохоор багаасаа л хөхүүрийн айраг ууж өссөн. Хөхүүрийг яаж урладаг талаар ерөнхий ойлголт байсан ч эсгүүрийнх нь учрыг л олохгүй байсан юм. Тэгээд ханийнхаа нутгийн нэг ахаар заалгаад анхны хөхүүрээ эсгүүлж, хоёр талаас нь асууж шалгааж гүйж байсан сурсан.

2015 оноос анх хийж эхэлсэн. Эхний жил зунжингаа ноцолдож байж ганц, хоёр хөхүүр хийгээд дараа жилээс нь өргөжүүлж, 2018 оноос өрхийн үйлдвэрлэл болгон хөгжүүлж байна. Одоо бол жилд 50-60 хөхүүр хийж байна. Цэнхэр савны хэрэглээг багасгаж, нэг ч гэсэн айл өрхийг хуванцрын аюул, эрсдэлээс холдуулья гэсэн зорилготой л хөхүүр урлаж эхэлсэн.




Нэг үеийг бодвол хөхүүр урлаачид олон болж. Танай хөхүүр бусад хөхүүрээс юугаараа онцлог вэ?

-    Айргийн чанар сайн байгаасай гэх үүднээс хөхүүрээ зөв хийхийг боддог. Бид хоёр найман жилийн турш хөхүүр үйлдвэрлэх хугацаандаа өөрсдийн гэсэн аргыг бий болгосон.


Манай хөхүүр айргийн чанарыг сайн хадгалдаг, нөгөө талаараа эзэгтэй нарын ажлыг хөнгөвчлөхөд нэлээн дөхөм болж байгаа. Учир юу вэ гэхээр ширний үс, дотор талын улаан махыг авахдаа шар сүүнээс өөр зүйл хэрэглэдэггүй. Хүмүүс химийн бодис, хивэг гээд нэлээн хэдэн төрлийн аргыг хэрэглэж байгаа ч шар сүүгээр авах бол хамгийн шалгарсан эрүүл, аюулгүй арга юм.


Ширний боловсруулалтын үед үс, дотор талын шар махыг авах буюу халимлах ажил амаргүй л дээ. Гэхдээ тэр цэвэрлэгээг маш сайн хийхгүй л бол шар мах хөвсөн хөхүүрийн айраг цөөхөн хоногийн дотор өтгөрөөд өнгөртөөд эхэлдэг. Бас хахсан, халсан муухай амттай болдог. Айраг цэвэр байх ёстой.


Жилдээ ганц хоёр хөхүүр хийгээд өөрийн хэрэглээндээ 10-20 жил ашигладаг байсан хүмүүс голын мөсөн дээр ширийг улаан талаар нь тавиад шар махыг нь хуулж авдаг байсан гэж ярьдаг юм билээ. Энэ бол олноор үйлдвэрлэж байгаа тохиолдолд байгаль орчин бохирдуулахаас эхлээд сөрөг нөлөөтэй. Тийм болохоор тэр аргаас татгалзаж, шар сүүгээр авч байна. Хивгээр авах нь хурдан боловч хөхүүрийн ширний бүтцийг өөрчилдөг учраас айрагт эгшмэл амт шингээд гардаггүй. Шинэ хөхүүрээс айраг ууж байгаа мөртлөө нэг тийм эгшмэл амт амтагдаад байдаг юм. Тийм болохоор дан шар сүү ашиглаж байна. Эзэгтэй нар айргаа цэвэр байлгахын тулд хөхүүрээ 7-10 хоног тутамд цэвэрлэдэг бол манай хөхүүрийг сардаа нэг цэвэрлэж байна гэсэн. 


Ер нь нэг хөхүүрийг хэр хугацаанд урладаг вэ, бас ашиглалтын хугацаа гэж байх уу?

-    Асар их урт хугацаа шаарддаг. Идэшний үеэр 11 дүгээр сард ширээ бэлдэж, улаан шүүсийг нь авч хатаагаад хавар 4, 5 дугаар сараас шар сүүнд үсийг нь, дотор шар махыг нь авна. Урь идүүлнэ. Ингээд 7 дугаар сараас эсгэж урлаж эхэлнэ. Нийтдээ  8, 9 сарын тасралтгүй ажиллагаа явуулж байж нэг хөхүүр бэлэн болно. Урт хугацааны хөдөлмөр учраас тэр хэрээр зардал ихтэй байдаг.

Чанарын хувьд сайн хөхүүрийг зөв арчилвал дор хаяж арван жил болдог. Манай ээжийн хийсэн хөхүүр манайд 10 гаруй жил байж л байсан. Хүмүүс хөгшчүүлийнхээ хэрэглэж байсан хөхүүрийг засуулаад сэргээгээд авья гээд авчирдаг. Энэ жил нэг хүн 20 гаруй жил хэрэглэсэн гээд нэг хөхүүр авчирч байсан.

-     Хөхүүүр хэрэглэхийн ач холбогдол, сайн тал юу вэ?

-    Үхрийн шир, гүүний саам хоёрын дундаас нийлэгждэг, хоол боловсруулахад чухал нөлөөтэй, өөр хаана ч байхгүй ховор төрлийн эмзим байдаг. Энэ  биологийн идэвхт бодисыг бий болгохын тулд үхрийн ширээ зөв боловсруулах ёстой. Хөхүүр бол айрагны үндсэн шинж чанарыг гаргаж өгч байдаг, айргийг байгалиасаа дагаж ирсэн сав юм.  Тийм болохоор олон хүн хөхүүр хийж, хуванцар савны хэрэглээг багасгаасай гэж хүсдэг.

Энэ жил би нэг судалгаа явууллаа. Манай аймагт 18 мянга гаруй өрх хуванцар саванд айргаа исгэж, сүү, цагаан идээгээ хийдэг юм байна. Манайх хэчнээн хурдтай ажиллаад ч жилд нэг хувийг нь ч хангаж чадахгүй. Тэгэхээр олон хөхүүр урлаж сураасай гэж хүсч, чаддаг мэддэгээ харамгүй л хэлж өгдөг.

-     Хөхүүрээ хэрхэн борлуулж байна, үнийн хувьд?

-    Өөрийн аймгаас гадна Булган, Төв, Дундговь, Сэлэнгэ, Улаанбаатар хотоос ирж авдаг. Уяач нар нэлээн авна. Чанараараа хэрэглэгчдэд сайн танигдаж, нэг үе эрэлт ихтэй байсан ч сүүлийн жил эдийн засгийн хямралаас болоод борлуулалт багассан. Хүмүүс, ялангуяа малчид бэлэн мөнгөөр биш малаар бартер хийе гэх хүсэлт тавьдаг. Тэр болгон малаар солилцох нь бидэнд хэцүү л дээ.


Үнийн хувьд урт хугацаа зарцуулдаг, мөн харьцангүй чанартай хийж байгаа учраас нийтлэг хөхүүрээс арай илүү үнэтэй. Ажиллагаа маш их, механикжуулсан ажил нэг ч байдаггүй, бүгдийг гараар хийдэг учраас үнэтэй байхаас өөр аргагүй байдаг.

100 литрийн хөхүүр сая төгрөг, 50 литрийн хөхүүр 500 мянга гэж байгаа ч хэрэглэгчид, ялангуяа орон нутгийнхаа малчидтай ханцуйдаа наймаалцаж байгаад л өгдөг дөө. Тэр болгон хатуу үнэ хэлээд суугаад байж болдоггүй.


Гэхдээ эрүүл мэндийг энэ мөнгөөр хэмжишгүй. Сайн хөхүүр хэрэглэхэд тэр айлын гишүүдээс гадна, тэр айлаар орж айраг ууж байгаа хүн бүрийг хуванцар савны хор хөнөөлөөс аварна. Хэрэв тэр хөхүүртэй айл айраг зардаг бол ганцхан хөхүүр нэлээн хэдэн хүний эрүүл мэндийг хамаалж байна гэсэн үг. Хуванцар саванд айргаа исгэж хэрэглэдэг, сүү цагаагаа хийдэг бол маш олон төрлийн химийн бодисыг хүнсэндээ шингээж улмаар тухайн хүний эрүүл мэнд доройтох, хорт хавдарт өртөх эрсдэл бий болдог.



-    Хөхүүрээ хэдэн төрлөөр урлаж байна вэ?

-   Ширнийхээ хэмжээ, хэрэглэгчийнхээ захиалгаар том, жижиг хөхүүр гаргана. Хөхүүр хийхтэй холбоотой нэг бэрхшээлтэй асуудал байдаг нь шир бэлтгэлийн ажил юм.

Уг нь монголчууд үхрийнхээ ширийг хуулахдаа мунаар юмуу лантуугаар хуулаад хутганы мөр гаргадаггүй байлаа. Одоо бол хутгаар хөндлөн хөндлөн зүсчихнэ, эсвэл ширэн дээрээ махаа эвдэж байгаад цоолчихно.

     

      Цоолчихсон шир боловсруулалтын эцсийн шатанд мэдэгддэг. Бүүр улаан шүүс, үсийг нь аваад дотор талыг нь цэвэрлэх үед мэдэгддэг юм. Цоолчихсон ширээс том хөхүүр гаргах боломжгүй. Тэр олон сарын хөдөлмөр зарцуулчихсан болохоор юм болгочих юмсан гээд жижиг хөхүүр, борви гаргадаг.  Бас үхрийн хэлбэр янз бүр байдаг. Богинохон, бөөрөнхий биетэй үхэр байх юм бол бага шир гарна. Ийм ширээр том багтаамжтай хөхүүр хийхийн тулд хоёр шанааг нь нийлүүлж оёно. 



-     Өөр ямар бүтээгдэхүүнүүд хийж байна?

-    Манайх хөхүүрээс гадна хурга, ямааны арьс, хонины нэхийг гар аргаар элдэнэ. Сур хийнэ. Арьс ширээ боловсруулахад маш их цаг зарцуулдаг учраас аяны хөнжил, гудас, ямаан дахыг оёдолчдоор хийлгэдэг. Мөн хөхүүрэндээ мужаанаар тавиур, сийлбэр хийлгэж, харилцан нэгэндээ ажлын байр гаргаад орлого оруулаад явдаг.

-    Өрхийн үйлдвэрлэлээ явуулахад хүндрэлтэй, бэрхшээлтэй асуудал байдаг уу?

-   Одоо манайх Арвайхээрийн 11 дүгээр багт, гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг. Нэхий, шир боловсруулахад өдөрт нэг тонн ус орно. Бохир ус, бас үнэр их гардаг. Одоохондоо тэр хавьдаа айл өрх сийрэг байгаадаа л гомдол гарахгүй байна. Олон айл өрх буугаад эхэлвэл арьс ширний үнэр, тоног төхөөрөмжийн дуу чимээ айлуудыг тав тухгүй байлгана. Тийм болохоор үйлдвэрлэлийн бүс рүү оччих юмсан гээд аймагт газрын хүсэлт өгсөн. Түүнээс бусдаар хөнгөлөлттэй зээлд хамрагдаад тусламж, дэмжлэг аваад болж л байна.

-     Ярилцсанд баярлалаа. Ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. 

Холбоотой мэдээ