Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2022-10-03 09:11:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Энэ жил Энэтхэгчүүд "Үндэстний эцэг" гэгддэг Махатма Гандийн мэндэлсний 153 жилийн ойг тэмдэглэж байна.


Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагч, эрх чөлөөний төлөө тэмцэгч, хүчирхийллийн бус онолыг үндэслэгч Махатма Гандийн мэндэлсний 153 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Махатма Гандийн хөшөөнд өчигдөр цэцэг өргөлөө.


Энэтхэгийн уламжлал ёсоор Махатма Гандийн хөшөөнд цэцгийн дэлбээ цацаж, лам нар тарни уншив. Махатма Гандийн энх тайван, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, эсэргүүцэл нь дэлхийн II дайны дараа тусгаар тогтносон улс болоход хүргэсэн сая сая Энэтхэгчүүдэд урам зориг өгсөн. 2007 онд НҮБ-аас 10 дугаар сарын 2-ны өдрийг Хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр болгон зарласан. Түүнээс хойш Энэтхэгийн ард түмэн түүний төрсөн өдрийг орон даяар тэмдэглэж, түүний сургаалийг залуу хойч үедээ сурталчлах болжээ. Энэ өдрийг Энэтхэг төдийгүй дэлхийн 192 оронд тэмдэглэдэг.


Махатма Гандийн хөшөөг 2007 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түүний дурсгалд зориулан босгосон бөгөөд уг хөшөө нь Монгол Улсын түүх, соёлын өвд тооцогддог.


Цэцэг өргөх ёслолыг нээн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П. Сингх хэлэхдээ, “Өнөөдөр хүн төрөлхтний энх тайван, хүчирхийлэлгүй байдлын элч Махатма Гандийн мэндэлсний 153 жилийн ой тохиож байна. Энэ агуу хүн Буддизм, Хинду шашны сургаалийг амьдралдаа хэрэгжүүлж, дэлхий даяар түгээсэн.  Түүний философи нь энэ дэлхий дээр хамтдаа амар амгалан амьдрахтай адил энгийн бөгөөд бид түүний энэ философийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой" гэв.                                                                 

Цэцэг өргөх ёслолд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Гандантэгчинлэн, Дашчойлин, Бэтүб хийдийн лам хуврагууд, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсад суугаа гадаадын иргэд хүрэлцэн иржээ.

Их удирдагч Махатма Ганди 1869 оны 10-р сарын 2-нд Гужарат мужийн Порбандар хотод төржээ. Тэрээр эрх чөлөөний төлөөх тэмцэлд мартагдашгүй хувь нэмэр оруулсан гэдгээрээ дурсагддаг. Түүний зорилго бол хүчирхийлэлгүй, шударга зан үйлийг хэрэгжүүлдэг шинэ нийгмийг бий болгох явдал байв. 

Холбоотой мэдээ