Иргэд D.PARLIAMENT.MN цахим хуудсаар дамжуулан Ерөнхий сайдаас асуух боломж бүрдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-01 08:56:37
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх нэг хэлбэр нь хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв  байдал болон цаг үеийн тулгамдсан бусад асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг 14 хоног тутамд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсох явдал юм.


Улсын Их Хурал дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоог хангах, цахим шинэчлэлийн дэвшилтэт технологийг ашиглах үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109 дүгээр зүйлд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан.


Уг нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхий сайдын мэдээллийн сэдвийг D.parliament.mn цахим хуудсанд байршуулах, иргэд уг мэдээллийн сэдэвтэй холбогдуулан асуулт тавьж, хариултыг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр авах боломжийг нээгээд байна. Ингэснээр иргэд Засгийн газрын үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих боломж бүрдлээ.


Иймд иргэд D.parliament.mn цахим системийг ашиглан сар бүрийн 1 болон 3 дахь долоо хоногийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хийх Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан асуулт тавих боломжтой боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ