ДУНДГОВЬ: Т.Бямбасүрэн: Статистик мэдээллийг ашиглаж сурвал цаг хугацаа, мөнгөө хэмнэх ач холбогдолтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-30 15:49:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Статистикийн хэлтсээс Төрийн албаны зөвлөлтэй хамтран “Статистик мэдээллийг хаанаас авах вэ, статистик мэдээллийн нэгдсэн сан” сэдэвт сургалт зохион байгуулж, 6 байгууллагын 30 алба хаагч хамрагджээ.

Сургалтын үеэр аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Т.Бямбасүрэнтэй статистик мэдээлэл, түүний ач холбогдлыг тодруулж, ярилцлаа.


-Иргэд статистик мэдээллийг ямар сувгаар авах боломжтой вэ?  

-2012 онд Статистикийн мэдээллийн нэгдсэн сан (www.1212.mn)-г нэвтрүүлж, мөн гар утасны аппликейшнийг хөгжүүлсэн. Түүнчлэн мэдээллийг www.nso.mn вэбсайтаас авах боломжтой.

Энэ мэдээллийн санд 39 салбарын 660 гаруй үзүүлэлтээр эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчин, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, гэмт хэрэг, тогтвортой хөгжлийн статистик, тооллого, судалгаа, ядуурлын зураглал, хүн ам зүйн атлас зэргийг багтаасан дэд мэдээллийн сан, газарзүйн мэдээллийн сан, сонирхолтой статистик, файлын санг багтаасан байгаа. 1900 оноос хойших тоон мэдээллүүдийг манай сайтаас авч болно.


-Статистикийн ач холбогдол юунд байдаг вэ?

-Статистикийн мэдээллийг ашигласнаар бидний шийдэл, гаргаж буй шийдвэр зөв, явуулж байгаа бодлого оновчтой байх болно. Өөрөөр хэлбэл зорилтот бүлэгтээ хүрч, тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдэж чадна гэсэн үг. Өөрөөр хэлбэл статистик тоон мэдээллийг ашиглаж өөрт тулгарч байгаа асуудлын учир шалтгаан, үр дагавар,түүнийг хэрхэн шийдэх шийдлээ олох боломжтой байдаг.


Учир нь статистик мэдээлэл бол шинжлэх ухааны үндэстэй, эх үүсвэр нь найдвартай бөгөөд тогтвортой, үзүүлэлт арга зүй нь байнга шинэчлэгддэг, хэрэглэгчдэд нэгэн зэрэг хүрдэг, төрийн нотолгоонд суурилсан бодлого шийдвэрийн суурь болж, залгамж чанарыг  хадгалдаг гээд олон шинжтэй байдаг.


Мөн статистик мэдээлэл нь дэлхийтэй харьцах хэл,  гол үзүүлэлт , мэдлэг болж очдог учир зайлшгүй шаардлагатай. Манай улс олон улсын түвшинд хаана явж байна вэ гэдгийг улс орны статистик үзүүлэлтүүд тодорхойлж өгдөг. Түүнийг ашиглаж сурвал хэрэглэгчид цаг хугацаа, мөнгөө хэмнэх ач холбогдолтой.


Статистикийн мэдээлэл сөрөг юмуу эерэг гэж байдаггүй, харин шийдэл зайлшгүй шаардлагатай буюу онцгой анхаарах шаардлагатай мэдээлэл, өөрчлөлт, дэвшлийг илэрхийлсэн мэдээлэл гэж байдаг.


-Мэдээллээ хэрхэн цуглуулдаг вэ?  

-Статистикийн тухай хуульд заасан үндэсний хэмжээний тооллого судалгааг явуулхаас гадна хүн ам, нийгэм эдийн засаг байгаль орчин, жендер гэх мэт бүхий л салбарын мэдээллийг улс орон даяар салбарын ажилчид цуглуулж  нэгтгэж, тооцоолол хийж, боловсруулж түгээдэг.


-Статистикч хүний хувьд хамгийн сайхан нь юу байдаг вэ?

-АНУ-ын Статистикийн товчооноос гаргасан судалгаанд ирэх 10 жилд дэлхийд статистикч, дата шинжээч хамгийн эрэлттэй 10 мэргэжлийн нэг болно гэсэн үр дүн гарсан байдаг.

Өнгөрсөн болон одоо цагийн статистик мэдээлэлд тулгуурлан ирээдүйн олон сайхан зүйлийг урьдчилан тооцоолох, төлөвлөх боломжийг бүрдүүлдэг.

Статистик хожим нь тодорхой баримт, нотолгоо болж түүхэнд үлддэг хамгийн нэр төртэй сайхан ажил гэж боддог юм. Бидний хүч хөдөлмөрөө зарцуулан байж бэлтгэсэн статистикийг зурагтаар зарлаж байх, хүмүүс өргөн хэрэглэж ашиглаж байхыг  харахад сайхан бахархмаар санагддаг.


-Баярлалаа, ажлын амжилт хүсье!

Холбоотой мэдээ