Япон, Их Британи батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-09-21 16:05:19

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс нар хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээнд аль болох ойрын хугацаанд гарын үсэг зурахаар тохиролцсон талаар Японы Засгийн газар мэдээлжээ.


Л.Трассыг энэ сарын эхээр албан тушаалдаа орсноос хойших анхны уулзалтаар талууд Зүүн, Өмнөд Хятадын тэнгист статус квог хүчээр өөрчлөх гэсэн оролдлогуудын талаар ихэд санаа зовниж буйгаа илэрхийлсэн гэж Японы Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.


Хоёр орны удирдагчид АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд уулзжээ.


Их Британийн өнгөрсөн онд танилцуулсан Энэтхэг, Номхон далайг чиглэсэн бодлогын талаар К.Фүмио хэлэхдээ, Токио, Лондон дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг зохицуулахад урьд хожид байгаагүй ойр дотноор хамтран ажиллах боломжтой гэдгийг онцолсон байна.


Тавдугаар сард К.Фүмио Ерөнхий сайд асан Борис Жонсонтой хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэр дундаа Японы Өөрийгөө хамгаалах хүчин, Британийн арми хамтарсан сургуулилалт хийх, байгалийн гамшгийн уршгийг арилгах хүчин чармайлт гаргахаар тохиролцсон юм.


Мягмар гарагт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр К.Фүмио, Л.Трасс нар эдийн засгийн аюулгүй байдал, эрчим хүчний хангамжийг баталгаажуулах чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ амласан гэж ГХЯ мэдээлжээ.


К.Фүмио мөн Л.Трассыг Их Британийн удирдагч болсны дараахан хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгссөнд эмгэнэл илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ