ТӨВ: "Номын баяр-2022" үйл ажиллагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-09-16 14:03:04

Төв /МОНЦАМЭ/ Төв аймаг үндэсний "Номын баяр-2022" үйл ажиллагааг "Монгол туургатан" театрт зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийж байна.

Энэ хүрээнд Зохиолч, уншигчдын уулзалт, хуучин, шинэ номын худалдаа, номын клубүүдийн үйл ажиллагааны танилцуулга, "Үлгэрийн баатрууд амилсан нь" маск парад зэрэг олон үйл ажиллагааг Төв аймгийн Нийтийн номын сангаас зохион байгуулж байна.

Үүнээс маск парадыг онцолж байгаа бөгөөд энэхүү уралдаан нь хүүхэд залуусыг номд дурлуулах, дүрд хувирч сонирхлыг татах, хүүхдүүд  бие биедээ нөлөөлөх ажлын нэг хэсэг хэмээн албаныхан онцоллоо. Тус уралдаанд нийт 7 байгууллага, аж ахуй нэгж, 10 гаруй ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэгийн багууд оролцож байна. 

Түүнчлэн өнөөдрийн Номын баярын үеэр хүүхдийн үлгэрийн ном болон түүхэн зохиол бүтээлүүд эрэлттэй байгаа талаар албаныхан хэллээ. 

Үндэсний номын баярыг энэ жил 32 дахь удаагаа зохион байгуулаад уламжлал болж байна. "Илүү их уншъя" уриатайгаар зохион байгуулж буй Номын баяр нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Холбоотой мэдээ