Дархан сум шинээр нээгдсэн цэцэрлэгийн бүлэгт дэмжлэг үзүүлжээ

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-03 22:56:16

Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ-аас сумынхаа цэцэлэгийн шинэ бүлгийн тохижилтод зориулж хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв. Тус сум нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүрэлцээг нэмэгдүүлэх үүднээс орон нутгийн удирдлагууд сүүлийн гурван жил гаруй хугацаанд дөрвөн үндсэн бодлогыг баримтлан ажиллаж байна.

Тухайлбал: улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр цэцэрлэг бариулах, цэцэрлэгүүдийн харъяанд шинэ салбар бүлгүүдийг нээх, сургууль цэцэрлэгүүдэд  ашиглагдахгүй байгаа анги танхимуудын ашиглалтыг сайжруулах замаар бүлгийн тоог нэмэх чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд энэ онд л гэхэд тус суманд улсын төсвөөр хоёр цэцэрлэг баригдаж ашиглалтад орсон бол өнгөрсөн онд дөрвөн цэцэрлэгт 10 гаруй салбар болон шинэ бүлгүүд нээгдэж нийт 700 гаруй хүүхдийг шинээр нэмж цэцэрлэгт хамруулжээ. Энэ удаа 12 дугаар цэцэрлэгт шинээр нэг бүлэг нээгдэв. Бүлгийн засвар тохижилт, засварын ажилд нийт 17 сая төгрөг шаардагдсаныг цэцэрлэгийнхэн болон эцэг эхчүүдийн хандиваар 100 хувь хийсэн бол БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар ширээ сандал, хувцасны шүүгээ, өлгүүртэй болжээ. Харин 35 хүүхдийн унтах цагаан хэрэглэл, гудас болон шалны дрож зэрэг нийт хоёр сая гаруй төгрөгийн өртөг бүхий зөөлөн эдлэлийг Дархан сумын ЗДТГ-аас дэмжлэг болгон авч өгчээ. Тус цэцэрлэгт өнгөрсөн онд хоёр бүлэг шинээр нээгдэхэд сумын захиргаанаас мөн л дэмжлэг үзүүлж байсан юм.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд