Япон өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоонд хязгаарлалт тавихаа болино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-09-12 16:11:03

ТОКИО. /Kyodo/. Япон өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоог 50 мянгаар хязгаарлаж буй хилийн хяналтын бодлогоо эргэн харж, “нэг их удахгүй” цуцална гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч ням гарагт мэдээлжээ.


Засгийн газар хилийн чанадаас ирэх хүмүүсийн тоонд тавьж буй хязгаарыг бүрэн цуцалсныхаа дараа визийн шаардлага зэрэгтэй холбоотой бусад хязгаарлалтыг шат дараатайгаар сулруулна гэж Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Кихара Сэйжи ярьсан байна.


Японд “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд тогтоосон хилийн хяналтын арга хэмжээнүүдийг үе шаттайгаар сулруулж байгаа ч тэдгээрийг тогтоосноос хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрөөд байгаа юм. Тухайлбал, саяхан өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоог 20 мянга байсныг 50 мянгад хүргэж нэмэгдүүлсэн байна.


“Бид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг эргэн харах бөгөөд нэг их удахгүй холбогдох шийдвэрийг гаргана. Японд намар, өвлийн улиралд жуулчид ирэх сонирхолтой байдаг бөгөөд олон хүн манай улсад ирэх хүсэлтэй байгаа. Манай улс гадаадын жуулчдыг татах тал цаашид хойрго хандаж болохгүй, ялангуяа иений ханш сулраад байгаа нь жуулчдын сонирхлыг татах газар болгоод байгаа энэ үед” гэж К.Сэйжи нэмж хэлсэн байна.


Японд өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоог энэ оны гуравдугаар сараас хойш шат дараатайгаар нэмэгдүүлж, зургаадугаар сард 20 мянгад хүргэсэн ч гадаадын бүх жуулчин виз авахаас гадна аяллынхаа туршид амны хаалт зүүх шаардлагатай хэвээр байгаа юм. 2021 онд Японд ердөө 245 900 гадаадын жуулчин ирсэн нь энэ талаарх тоон мэдээллийг эмхэтгэж эхэлсэн 1964 оноос хойших хамгийн сул үзүүлэлт болжээ. 

Холбоотой мэдээ