БАЯН-ӨЛГИЙ: Эрт илрүүлэг үзлэгт 5763 иргэн хамрагдаад байна

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-29 11:30:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор орон даяар зохион байгуулж байгаа.


Эрт илрүүлэг үзлэгт Баян-Өлгий аймгийн 17 хүртэлх насны 44321, 18-30 насны 23707, 31-46 насны 21030, 60-аас дээш насны 5966 иргэн хамрагдах ёстой.


Үүнээс энэ сарын 25-ны өдрийн байдлаар 5763 иргэн үзлэг, оношилгоонд оржээ. Үзлэг оношилгоонд хамрагдсан 1 хүнээс элэгний С, 21 хүнээс В вирус илэрчээ. Мөн 7 иргэнээс ходоодны хавдрын урьдал үе илэрч, 5 иргэн чихрийн шижин өвчин, 4 иргэн бамбайн дутагдал, 4 иргэн сүрьеэгийн сэжигтэй хэмээн оношлогдсон байна. Түүнээс гадна 3 хүн цөсний чулуутай, хөхний фиброз, уйланхайтай 17, бамбайн зангилаатай гэж оношлогдож, нарийн мэргэжлийн эмчид илгээжээ.


Эрт илрүүлэг үзлэг оношилгоо ирэх оны 5 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд 2019 оноос хойших эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой юм.

Холбоотой мэдээ