ЗАВХАН: Тарваган тахлын байгалийн голомтын шинжилгээг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-08-26 11:50:37

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс тарваган тахлын байгалийн голомтын гүнзгийрэл шинжилгээг хийжээ.


Голомтын гүнзгийрэл шинжилгээг Түдэвтэй сумын Өвөр-Улаагчин, Хунт, Дунд хамар, Халзан бүргэдтэйн дөрвөн секторын 36000 га талбайд хийсэн. Тандал шинжилгээг Яруу сумын Бугат, Баянзүрх, Намын даваа, Модот Ухаа, Нөмрөг сумын Сүүл овгор, Баянзүрх уул, Нам даваа, Сант овоо гэх газруудад хийсэн байна. Тандал шинжилгээ хийсэн, найман секторын 72000 га талбайд голомт дөлгөөн байлаа.


Мөн голомтот нутгийн ард иргэдээс тарваган тахал өвчний талаар асуумж судалгааг авч, урьдчилан сэргийлэх яриа таниулгыг хийж санамж материал тарааж ажилласан. Жил бүр тарваган тахлын байгалийн голомтын гүнзгийрэл шинжилгээг хийдэг. Энэ жилийн шинжилгээ, тандалтыг долдугаар сарын 27-ноос эхлүүлж календарчилсан төлөвлөгөөний дагуу сарын хугацаатай хийж дуусгаад байна. Улсын хэмжээнд  17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт бий.

Тэр дундаа баруун аймгуудад, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс тарваган тахлын идэвхжил нэлээд өндөр байдаг. Завхан аймгийн хувьд нийт нутаг дэвсгэрийн 74.2 хувь буюу 17 сум тарваган тахлын голомттой. Үүнээс Эрдэнэхайрхан, Яруу, Түдэвтэй, Нөмрөг, Сонгино, Отгон зэрэг сумдад тарваган тахлын голомтын идэвхжил өндөр байгаа нь сүүлийн хоёр жил ажиглагдаж байгаа. Тиймээс тарваган тахлын голомтын гүнзгийрлийг судлах шинжилгээний ажлыг хийх нь чухал юм. Мөн тарваган тахал өвчний улиралчлалтай холбоотойгоор иргэд голомтот бүс нутагт амралт, зугаалгаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авахаас заавал татгалзаарай гэж Зоонозын өвчин судлалын төвөөс зөвлөж байна. 


Холбоотой мэдээ