ДАРХАН-УУЛ: Ахмадууд Чингис хааны Эш хөрөг, Монголын нууц товчоог хүндэтгэн заллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-25 14:59:55

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төв ОНӨУТҮГ-ын Ном уншлагын танхим дахь хүндэтгэлийн хойморт Эзэн Богд Чингис хааны эш хөргийг болон түүхэн сурвалжийн ууган дээж бичиг Монголын нууц товчоог хүндэтгэн залах арга хэмжээ боллоо. Хөтөлбөрт үйл ажиллагааны эхэнд аймгийн ИТХ-ын Иргэний танхимын дарга Д.Гантулга Ерөнхийлөгчийн зарлигийг сонордууллаа. Мөн Дархан-Уул аймгийн Музейн захирал, Дархан нутаг судлаач Д.Жамбалдорж Монголын нууц товчооны талаар товч өгүүлж, түүхэн бичвэрт тэмдэглэгдэн үлдсэн орон нутгийн онцлог тусгалын талаар мэдээлэл хийлээ. Мөнхөд эрхэмлэн дээдлэх түүх соёл, түүхэн үйл хэрэг, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх нь Монгол хүн бүрийн бахархалт үйл хэрэг болохыг оролцогчид онцолж байлаа.

Хөтөлбөрт арга хэмжээний хоёр дахь хэсэгт тус төвийн албан хаагчид цахим ном шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг ахмад настнуудад танилцууллаа. Уг бүтээгдэхүүн, үйлчилгээ нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Цахим төв болох төслийн нэг хэсэг аж. Цахим ном нэвтэрснээр нийтээр сонсох, компьютерт суулгаж унших, ухаалаг утсандаа татаж хэрэглэх зэрэг үйлчилгээ эхний ээлжинд нэвтэрч байна. Цахим ном шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд аймгийн Төв номын сангийн хамт олон хамтран ажиллаж байна. Үүний хүрээнд 3D Puzzle, дэвшилтэт AR технологи ашигласан ном, тоглоомыг ахмад настнуудад танилцуулан хэрэглээ болгох зөвлөмжийг өгч ажиллаа.

Ахмад настнууд өв соёлыг тээж, түгээгч байдаг төдийгүй шинэ цаг үетэй холбогчид нь байдаг. Тэд өдөр тутмын хэрэглээнд суралцах, цаг үетэйгээ хөл нийлүүлэх сургалтуудаа есдүгээр сарын нэгний өдрөөс бүрэн эхлэх аж. Дээрх хөтөлбөрт арга хэмжээгээр Ахмадын хөгжлийн төв ОНӨУТҮГ-ын хамт олон намар цагийн ажлын нээлтээ хийж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ