ДУНДГОВЬ: Отрын бүс нутаг байгуулахаар шийдвэрлэв

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-08-18 18:59:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Засгийн газрын 277 дугаар тогтоол, “Өвөлжилт хаваржилтын болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай” Ерөнхий сайдын албан даалгаварын дагуу Дундговь аймаг өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг зохион байгуулж байна.


Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд тус аймгийн хэмжээнд 8000 тн өвс, 510 тн тэжээл бэлтгэх ёстойгоос өнөөдрийн байдлаар 1160 тн өвс, 350 тн тэжээл бэлтгээд байгаа ажээ.


2021 оны жилийн эцсийн мал тооллогоор тус аймаг 3,1 сая мал тоолуулсан бөгөөд 1,3 сая төл хүлээн авч, 4,4 сая толгой мал зусч байна.


Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд сумын баруун урд талаар зуншлага тааруу, харин зүүн талын сумдын нутгаар бороо хур элбэг, сайхан зун болж байгаа тул зарим аймгийн малчид оторлох хүсэлт ирүүлж байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд отрын бүс байгуулахаар шийдвэрлэжээ.


Аймгийн УЦУОШТ-ийн мэдээлснээр 7 дугаар сарын байдлаар малын усан хангамжийн  хүрэлцээ дунд зэрэг, ургамлын өндөр дунджаар 2 - 20 см, ургац 0,4 – 3,0 ц/га, ургамлын ургалтын байдал Сайнцагаан сумын хойд тал, Эрдэнэдалай сумын хойд, зүүн тал, Адаацаг, Дэрэн, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумын нутгаар сайн, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумын баруун болон зүүн тал муу, бусад нутгаар  дунд зэрэг байгаа аж.

Холбоотой мэдээ