"Twitter"-ийг Илон Маскад худалдахтай холбоотой асуудлаар хувьцаа эзэмшигчдийн дунд санал хураалт явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-07-27 13:17:57

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Twitter” компани есдүгээр сард тусгай хурал хийж, хувьцаа эзэмшигчдийнхээ дунд ижил нэртэй олон нийтийн сүлжээг нь бизнес эрхлэгч Илон Маск худалдаж авахтай холбоотой гэрээний цаашдын хувь заяаны талаар санал хураалт явуулахаар болжээ. 


Хувьцаа эзэмшигчдэд зориулсан холбогдох мэдэгдлийг АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны цахим хуудсанд нийтэлсэн байна.


Тусгай хурлыг есдүгээр сарын 13-нд хийх аж. “Хурлын үеэр “X Holdings I, Inc” компанитай нэгдэх тухай 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн гэрээ, төлөвлөгөөг батлах талаар саналаа өгөхийг та бүхнээс хүснэ” гэж мэдэгдэлд дурджээ. 


Мэдэгдэлд мөн тус компани “ноён Илон Масктай тохиролцсон үнэ, нөхцөлөөр гэрээг байгуулж дуусгах саналыг баримталсан хэвээр байгааг” цохон тэмдэглээд захирлуудын зөвлөл хувьцаа эзэмшигчдийг бизнес эрхлэгчтэй гэрээ байгуулах санал өгөхийг санал нэгтэй зөвлөж байна гэжээ. 


Илон Маск уг олон нийтийн сүлжээг 44 тэрбум ам.доллароор худалдаж авах санал тавьсан гэж “Twitter”-ийн удирдлага дөрөвдүгээр сард мэдэгдсэн. 


Тавдугаар сард Илон Маск сурталчилгааны мессежүүдийг олноор нь илгээхэд ашигладаг хаягууд болон хуурамч хаягууд “Twitter” дэх нийт хаягийн 5 хүрэхгүй хувийг эзэлдэг болохыг батлах мэдээлэл олж авахыг оролдож байна гэж мэдэгдсэн билээ. Долоодугаар сарын эхээр Маскийн хуульчид тэрбээр “Twitter”-ийг худалдаж авахаас татгалзаж байгааг компанид мэдэгджээ. Харин “Twitter”-ийн удирдлагууд Делавэр муж улсын шүүхэд зарга мэдүүлсэн байна.


Өнгөрсөн долоо хоногт Делавэр муж улсын шүүх Илон Маск “Twitter”-ийг худалдаж авах гэрээгээ дуусгахаас татгалзсантай холбоотой хэргийн шүүх хурлыг 10 дугаар сард товложээ. Энэ шүүх хурлаар компанийн удирдлагууд сурталчилгааны мессежүүдийг олноор илгээхэд ашигладаг хуурамч хаяг, хаягуудын эзлэх хувь хэмжээний талаар шаардлагатай мэдээлэл өгөөгүйн улмаас Илон Маск “Twitter”-ийг худалдаж авах гэрээг дангаар цуцлах эрхтэй эсэхийг тогтоох юм.


Илон Маск “Tesla”, “SpaceX” компаниудыг эзэмшдэг билээ. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, тэрбээр 230 тэрбум ам.долларын хөрөнгөөр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байна. 


Холбоотой мэдээ