Монгол инженерүүд “УАЗ-469”-ыг орлох бат бөх “MOZO-X” автомашиныг  бүтээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2022-07-21 17:39:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хамгийн анхны автомашин үйлдвэрлэгч “Барс Моторс” компанийнхан шинэ загварын автомашин болох “MOZO-X”-ийг үйлдвэрлэлээс гаргаж олон нийтэд танилцууллаа.

  "MOZO"-той Монгол II аяны хүрээнд УАЗ-469” автомашиныг орлохуйц илүү бат бөх чанартай, туулах чадвар сайтай  “MOZO-X” шинэ загварын автомашинаа танилцууллаа. Орчин үеийн ая тухыг хангасан монгол орны эрс тэс уур амьсгалд тохируулан бүтээсэн  "MOZO-X” автомашиныг захиалахад хоёр долоо хоногт хэрэглэгчийн гар дээр очино хэмээн Монгол инженерүүд тодотгож байна.

Барс моторс компанийн үүсгэн байгуулагч Д.Дэмбэрэлдорж ярихдаа, “Хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх үйлсэд манай хамт  олон тодорхой хувь нэмрээ оруулж байна. Хэдэн жилийн өмнө машин бүтээнэ хэмээн ярихад хүмүүс итгэлгүйгээр хүлээн авч байлаа. Харин өнөөдөр бид 3 дахь загвараа өлгийдөж аваад байна. “MOZO”-той Монгол 1 аяныхаа  хүрээнд "ГЕРО" буюу /Great Electric Renewable Orbit/ цахилгаан машинаа бүтээж олон нийтэд танилцуулж байсан бол  “MOZO”-той Монгол II аяныхаа  хүрээнд монгол хүний ур ухаан, судалгаа шинжилгээ, туршилт гээд нөр их хөдөлмөр шингэсэн MOZO-X” автомашиныг бүтээлээ. Шинэ загварын автомашин болох “MOZO-X” нь 1.5 мотор, турбо хөдөлгүүртэй, урдаа хөтлөгчтэй 100 километрт 6-8 литрийн  бензин зарцуулалттай. Бүх эд ангидаа баталгаа өгч байгаа монгол дахь цорын ганц машин гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Засвар үйлчилгээ үнэгүй. Суудал нь эргономик сайтай тул олон цагаар жолоо барихад нуруунд эвтэйхэн. Монгол орны ямар ч хүнд хэцүү замыг туулахад зохицсон унаа юм" хэмээв.



  Бензин болон дизель хөдөлгүүрт машин 3000 гаруй эд ангиас бүрддэг байна. Харин цахилгаан машин 30 гаруй эд ангиас бүрддэг бөгөөд үүний 50 орчим хувийг монголдоо үйлдвэрлэх боломжтой гэдгийг  Барс моторс компанийнхан хэлж байна. Тодруулбал дугуй, үндсэн рам, жолооны хүрдний систем, батарей гээд таван үндсэн элементийг гаднаас авч байгаа аж. Хянах камер, хянах самбар, шил, машины хажуугийн шанаа, суудлын доторхи болон агаар шүүгчийг хонины ноос ашиглан хийлгэж байгаагаа дуулгалаа.


 Манай улс жилд ойролцоогоор 500 сая ам.долларын автомашины худалдаа хийдэг бөгөөд үүний багагүй хувийг дотоодын зах зээлд шингээх бүрэн боломжтойг Барс моторсын инженер мэргэжилтнүүд ярьж байв.  

Хүнд үйлвэрийн салбарт шан татаж буй тус компанийн хамт олон ирэх 11 дүгээр сард 4 дэх загварын автомашин  болох “MOZO E-Vision” загварыг олон нийтэд танилцуулах юм байна.    

Холбоотой мэдээ