ДЭМБ: Гана улсын хоёр иргэнээс Марбургийн вирус илэрсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-08 16:04:17

ЖЕНЕВ. /Zaobao/. Гана улсын хоёр иргэнээс авсан марбург вирусний шинжилгээ эерэг гарч, улмаар нас барсан талаар ДЭМБ пүрэв гарагт мэдээлэв.


Энэхүү вирус нь эбола вирустэй төстэй бөгөөд халдварлах чадвар маш өндөр байдаг аж.


ДЭМБ-аас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Гана улсад хийсэн дээрх шинжилгээнүүдийн хариу эерэг гарсан боловч батлагдсан тохиолдол гэх үзэхийн тулд шинжилгээний хариуг Сенегал дахь лаборатори баталгаажуулах ёстой гэв.


Мөн тус мэдэгдэлд, Өмнөд Ашанти мужид амьдардаг хоёр иргэн суулгах, халуурах, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хүргэгдэн нас барсан гэжээ.


Хэрвээ эдгээр тохиолдлууд батлагдвал энэ нь Баруун Африкт марбургийн вирусний хоёр дахь дэгдэлтийн тохиолдол болох юм.


Өнгөрсөн жил Гвинейд анх удаа уг вирусний тохиолдол илэрсэн ч үүнээс хойш дахин халдвар илрээгүй байна.


Африкийн өмнөд болон зүүн хэсэгт 1967 оноос хойш марбург вирусний 10 гаруй томоохон хэмжээний дэгдэлтүүд гарч байжээ.


ДЭМБ-ын мэдээлснээр, эдгээр дэгдэлтүүдийн үед вирусний омог зэргээс хамааран нас баралтын түвшин 24-88 хувьтай байсан байна.    

Холбоотой мэдээ