“Тооройн төгөл” Монголын их элсний хаяаг чимж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-15 11:56:00

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Тооройн төлөө” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага /НҮТББ/ нь Алтайн ар говь буюу Говь-Алтай аймгийн Халиун, Шаргын говьд тоорой модыг тарьж ургуулах туршилтыг хийж эхэлжээ. 

Түүнээс хойш өдгөө 4000 гаруй мод нутагшин ургаж байгаа бөгөөд өнгөрсөн жил гэхэд 2000 гаруй тоорой модны үрсэлгээ хийж амжилттай ургуулжээ. “Тооройн төлөө” НҮТББ нь говь цөлийн бүсийн нутгийн унаган төрөл зүйлд хамаарах модлог, бутлаг ургамлыг тарьж ургуулан говийн баянбүрд бий болгох туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байна. Түүнчлэн “Тооройн төлөө” НҮТББ, ШУА-ийн Газарзүй геологийн хүрээлэнтэй хамтран нэн ховор 20 гаруй модыг шинээр тарьж ургуулахын зэрэгцээ говийн унаган ургамал болох заг, сухай, гоёо, чихэр өвс, хармаг зэрэг ургамлыг хашин хамгаалан байгалиар нь ургуулж байгаа ажээ. 

-“Манай “Тооройн төлөө” НҮТББ тэрбум модны анхны суурийг тэртээ 2006 оноос говь, цөлийн ховор модлог ургамлын тархац, нөөцийг судалсан тэр мөчөөс нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж, олон түмний хүч оролцоотой эдүгээ 20 гаруй нэр төрлийн говийн ховор модлог ургамлыг үрээр ургуулж суулгац бэлтгээд байна” хэмээн танилцууллаа. Тэд энэ жилийн мод тарилтын ажлаараа модлог мөчрөөр 40 гаруй мянган тарьц суулгаж, мөн жигд, агч, шар хуайсны үрсэлгээ хийлээ. Талбайн хамгаалалтдаа хайлаас, улиас, хонхот харгана нэмж тарьсан байна. 

“Тооройн төлөө” ТББ говийн ховор ургамлын “Байгуулмал баянбүрд” туршилт судалгааны төвийг Халиун сумын Олонбулагт байгуулан ийнхүү Алтайн ар говьд тоорой мод амжилттай нутагшуулж байна. Улаан номд орж нэн ховордсон говийн хаан тоорой модыг анх 200 гаруй жилийн тэртээ эрдэмтэн судлаачид нээн судалсан бөгөөд Монгол орны Алтайн өвөр говь болон өмнөд хөршийн Алшаа баруун хошуу говиор тархан нутагшжээ.


Холбоотой мэдээ