Боловсролын салбар төсвийн шинэчлэлийг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-05-19 16:36:46

Баянхонгор /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын баг төсвийн шинэчлэлийн хүрээнд төсвийг хуваарилах, төлөвлөх, зарцуулах чиглэлээр Баянхонгор  аймгийн багш, удирдлагуудтай уулзаж, мэдээлэл өглөө. 

Боловсролын салбар төсвийн шинэчлэлийн хүрээнд, сургуулийн санхүүгийн эрх мэдэл, хувьсах зардал, сургуулийн бүтэц, хэв шинжийн шинэчлэл, сургалтын чанарт суурилсан цалин урамшууллын тогтолцоог шинэчилжээ. Хувьсах зардлын тухайд багшийн эрүүл мэндийн үйлчилгээ, дата хэрэглээний зардал, хичээл практикийн зардал, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн зардлыг тусгаж, багш нар үүнийг хэрхэн төлөвлөх, зарцуулж оролцох аргачлалд аймгийн багш, удирдлагууд суралцав.

Баянхонгор  аймагт төр хувийн хэвшлийн 43 цэцэрлэг, ерөнхий боловсролын 32 сургууль, Политехникийн коллеж, Өлзийт МСҮТ, ХҮИС-ийн салбар сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнд нийт 2500  гаруй багш, ажилчид ажилладаг. Эдгээр багш, ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлж, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах санхүүгийн асуудлыг шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлээд байгаа юм. 

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Баянхонгор аймгийн багш нартай уулзах үеэрээ хуулийн шинэчлэлийн хүрээнд хийх томоохон бодлогын асуудлын талаар ярьж, багш нарыг цахим технологи ашиглаж, оролцоогоо нэмэгдүүлэх, XXI зууны ур чадварт суралцах цаг үеийн шаардлага тулгарч буйг онцлон хэлэв.

Мөн үеэр өөрийн мэдлэг чадвараа олон мянган шавь нартаа өвлүүлэн үлдээсэн эрхэм ахмад багш нарын алдаршуулан шагналаа.


Холбоотой мэдээ