Допинг хэрэглэсэн бөх болон түүний дасгалжуулагч, эмч нарт хариуцлага оногдуулдаг болно

Монголын мэдээ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-18 20:47:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.


Хуулийн төслийг Соёлын сайд Ч.Номин танилцууллаа. Үндэсний их баяр наадмын тухай хуулийг 2003 онд баталснаас хойш нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, хуулийн анхны бичвэрээс нэлээд зүйл, хэсэг заалтыг өөрчилсөн бөх, уяач, сур харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг тусгажээ.


Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд түрүүлсэн, амжилттай сайн барилдаж цол, чимэг авсан бөх допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, цол, чимгээ хураалгах, хэрэглэсэн, хэрэглээгүй дээр маргалдах, шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдолд ихээхэн гарсаар байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн боловч энэ нь олон улсын допингийн стандарттай нэг талаар нийцэхгүй, мөрдөж байгаа дүрэм журмыг батлах субъектийг хуульд тодорхой зааж өгөөгүйгээс Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний актын шаардлагыг хангаж чадахгүйд хүрч, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр хүчингүй болох тохиолдол гарч байна хэмээн сайд Ч.Номин танилцуулав.


Нөгөө талаас допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь төдийлөн үр дүнтэй бус зөвхөн хэрэглэсэн бөх, харваачид хариуцлага тооцох, тодорхой хугацаанд баяр наадамд оролцох эрхийг хасах байдлаар явж ирсэн нь допинг хэрэглэхийг зөвлөж, хэрэглүүлж байгаа дасгалжуулагч, эмч, бөхийн дэвжээ зэрэг нь ямар нэг хариуцлага хүлээхгүй, энэ хөшүүрэг үр дүнтэй байж чадахгүй байна гэж хууль санаачлагчид үзжээ.


Үндэсний их баяр наадмын тухай хуульд үндэсний шагайн харвааг зохион байгуулах талаар зохицуулалт байхгүй боловч 1998 оноос эхлэн улс, аймаг, нийслэл, сумын баяр наадамд дөрөв дэх төрөл болон зохион байгуулагдаж, өөрийн дүрмээр зохицуулагдаж ирсэн. Дээрх хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагад үндэслэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа гэлээ.


Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд, допингийн асуудал, хурдан морины уралдаанд морьдыг үүлдэр угсаагаар ялган оролцуулах тухай, унаач хүүхдийн насны хязгаар, шагайн харвааг үндэсний их баяр наадмаар зохион явуулах болсон зэрэг асуудлыг тодруулж байлаа.


Соёлын сайд болон ажлын багийн гишүүдийн хариулснаар, хуулийн төсөлд үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүргийг тодорхой болгож, хариуцлагын механизмыг боловсронгуй болгохоор тусгасан байна. Тухайлбал, допинг хэрэглэсэн бөх, сурын харваач, допинг хэрэглэхийг зөвлөсөн, шаардсан дасгалжуулагч, эмч, дэвжээнд олон улсын допингийн дүрмийн дагуу хариуцлага оногдуулах механизмыг хуулийн төсөл тусгажээ. Түүнчлэн Допингийн эсрэг үндэсний дүрмийг батлах хүртэлх хугацаанд хуулийн төслийн 21 дүгээр зүйлд заасан шилжилтийн үеийн зохицуулалтаар допингтой холбоотой харилцааг зохицуулах, шийтгэлийг оногдуулахаар тусгасан байна.


Үндэсний бөхийн өмсгөл, сур харвааны малгай, нум сум, шагайн харвааны хэрэгсэл, хурдан морины сэрвээний өндөр зэргийг Монгол Улсын стандартаар тогтоох эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл дээрх дүрэм, журмыг бөх, сур, шагай, хурдан морины холбогдох мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор зохицуулжээ. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морийг долоо, түүнээс дээш насны хүүхэд унах бөгөөд уралдаанч хүүхэд нь хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулсан байхаар тусгасан байна.


Хурдан морины уралдааны салбар хорооны морины бүртгэлийн дэд хороо нь улсын баяр наадам эхлэхээс гурван өдрийн өмнө мэдээллийн санд орсон, монгол үүлдрийн адууны стандартын шаардлагад нийцсэн морийг Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах мориор бүртгэх бөгөөд стандартын шаардлага хангаагүй морийг бүртгэхийг хориглоно хэмээн төсөлд заажээ.


Хуулийн төсөлд монгол үндэсний уламжлалт тоглоом болох шагайн харвааг үндэсний их баяр наадмаар зохион явуулах, үүнтэй холбоотой дүрмийг Засгийн газар батлан мөрдүүлэх зохицуулалтыг шинээр тусгасан бөгөөд улсын баяр наадамд түрүүлсэн үзүүрлэсэн үндэсний шагайн харваач нарт бусад үндэсний спортын нэгэн адил Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цол олгохоор тусгасан  байна. уулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ