Японы тусламжаар барьсан ачаа шилжүүлэх байгууламжтай танилцаж байна

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-18 07:46:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын ЭСЯ "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг хамтран төмөр замын тээвэрлэлтийн чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж ирсэн. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон улсын Засгийн газрын тусламжаар барьж хэрэгжүүлсэн “Замын-Үүд өртөөний ачаа шилжүүлэн ачих байгууламж”-ийг танилцуулах үйл ажиллагаа Замын-Үүд өртөөнд болж байна.


Тодруулбал, Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран 1990-ээд оны сүүлд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Замын-Үүд өртөөний ачаа шилжүүлэн ачих байгууламж, дэд бүтцийг байгуулж байв. Энэ талаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, УБТЗ ХНН-ийн дарга асан, зөвлөх Р.Раш дурсан ярьж байна.


Тэрбээр "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгт төмөр замын ашиглалтаа сайжруулах, замын хурдаа нэмж ачаа тээврээ улам их болгох зэргээр үйл ажиллагааны шинэчлэл үргэлжилсээр байна.  Төмөр замд 1990-ээд оны үед хийгдсэн нэг  том шинэчлэл бий. Энэ нь Япон улсын 22 сая ам.долларын тусламжаар Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийг барьж босгосон явдал юм” гэдгийг тодотголоо.

Мөн цааш нь “Энэ нь тухайн үедээ Монгол Улсын хамгийн үнэтэй бүтээн байгуулалт байсан юм. Ёстой л ядарч байхад цангасан хүн цай уухтай адил болсон зүйл. 1990-ээд оны тэр хүнд үед зөвхөн төмөр зам төдийгүй, Япон улс бидний монголчуудыг түшиж тулж аваагүй бол Монгол Улсын хөгжил их хэцүү байсан. Зээл тусламжийг шийдэх нь манай төр, засаг, тэр үеийн Үйлдвэр худалдааны яам, ГХЯ-ны ажил байсан ч яг гардан хариуцагч нь төмөр зам байсан юм. Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийг чухам л Японы тусламжаар анх барьсныг мартаж болохгүй” хэмээн өгүүлж байна. 


Монголын анхны интернэт төмөр замд орж ирж байв.


Р.Раш ярилцлагынхаа төгсгөлд "Японы Элчин сайд асан Т.Шимицү надад "Би Канадад 3 жил болоод Монголд шилжиж  ирлээ. Миний ачаа ирдэггүй 3 сар гаруй болж байна. Тэгэх нь ээ, Эрээн, Замын-Үүд дээр ирээд тээглэчихсэн байж. Тэгээд би Замын-Үүд гэдэг газрыг янзлах хэрэгтэй гэдгийг ойлгосон" гэж байсан юм. Харин би мань эрд "ер нь энэ олон жил бид хятад нөхдөөр шилжүүлэн ачих ажлыг мөнгөө төлөөд хийлгэдэг байсан. Энэ санаа бол нэлээн дээр үед бий болсон юм" гэж хэлээд хоёул хоорондоо хошигнож байж билээ. Тэгээд Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийг барьж өгсөн. Яг ашиглалтад орсон нь 1995 он юм гэдгийг өгүүлж байна. 


Төслийг хэрэгжүүлнэ гэдэг өдий төдий юм бололгүй яах вэ, япончууд гэдэг чинь долоо хэмжиж нэг огтолж юмыг хийдэг, тэгэж л ажилд ханддаг, жинхэнэ нарийн, нягт нямбай, сахилга бат, зохион байгуулалттай үнэнч хүмүүс. Тэд чинь, "Манай Япон улс 1930-1940 онд яг л та нар шиг байсан. Үүнээс ч дор байсан" гэж ирээд сэтгэлээ нээж илэн далангүй ярьдаг байлаа. Тэндээс эхлээд л дараагаар нь манай зүтгүүрийн депогийн шинэтгэлийг 5 сая доллароор хийж өгсөн. 46 ширхэг тоног төхөөрөмж суурилуулж өгсөн санаж байна" хэмээлээ.

Холбоотой мэдээ