Жилл Байден Украины дүрвэгсэдтэй уулзахаар Румын, Словакийг зорино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-05-06 14:07:50

ВАШИНГТОН. /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены гэргий Жилл Байден Румын, Словакт баасан гаргийн орой хүрэлцэн очих төлөвтэй байна. Тэргүүн хатагтайн айлчлал нь Оросын түрэмгийллийн улмаас улс орноосоо дүрвэсэн Украины гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ.


Цагаан ордноос мэдээлснээр, Жилл Байден бямба гарагт Румыны Засгийн газрын гишүүд, АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид, хүмүүнлэгийн ажилтнууд, мөн Украины хүүхдүүдэд боловсрол олгоход хувь нэмрээ оруулж буй сурган хүмүүжүүлэгч нартай уулзахаар төлөвлөж байна.


Ням гарагт буюу Эхчүүдийн өдрөөр АНУ-ын тэргүүн хатагтай Оросын түрэмгийллийн улмаас орон гэрээсээ дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн Украины эхчүүд, хүүхдүүдтэй уулзахаар Словакийн Кошице хот, Висне Немеке сууринг зорино.


НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээллээр, хоёрдугаар сарын 24-нөөс хойш Украины 380 мянга гаруй иргэн Словак руу, 850 мянга гаруй иргэн Румын руу дүрвэсэн байна. 

Холбоотой мэдээ