У.Энхтайван: Малчид Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу эвлэлдэн нэгдэж байна

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-04-25 18:49:34

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах сумын малчид нутагт нь нүүрс олборлохоор ирсэн “Түмэн айл инвест” ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэж тэмцэл өрнүүлээд байгаа. Харин аймгийн МХГ-ын бүрэлдэхүүнтэй Ажлын баг тус компанийн үйл ажиллагааг шалгаж Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, бичиг баримтын бүрдэл дутуу гэх шалтгаанаар үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа юм. Мандах сумын тавдугаар багийн иргэн Ухнын Энхтайваныг Сайншандад ирээд байхад нь уулзаж ярилцлаа.


-Та өөрийгөө танилцуулах уу?

-Намайг Ухнын Энхтайван гэдэг. Дорноговь аймгийн Мандах сумын уугуул. Төрсөн цагаасаа хойш л энэ нутагт ботго, гүрвэл хоёртой тоглож өссөн дөө.Эдүгээ 68 нас хүртлээ нутагтаа амьдарч байна.

-“Түмэн айл инвест” ХХК танай суманд анх хэдэн онд ирж өрөмдлөг, хайгуулын үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн бэ?

-Энэ компани 2017 онд манай сумын нутагт анхны хайгуул хийсэн байдаг. Анх хайгуул хийж эхлэхэд нь нутгийн залуус очиж юун тухай ямар хайгуул хийгээд байгааг асуухад “Танай говь нутаг усгүй юм байна. Та нарт худаг гаргаж өгөх гэж байна” хэмээн геологич Дашхорол гэдэг хүн хариулж усны хайгуул хийж буй нэрээр нүүрсний хайгуул хийсэн байдаг. Удалгүй “Би Дорноговийн Мандах суманд нүүрсний том орд илрүүллээ” хэмээн хүмүүсээс хөрөнгө босгосон шиг байгаа юм.

Хэсэг хугацаанд чимээгүй болж байгаад 2019 онд дахин ирж өрөмдлөг хийхэд нь бид очиж “Бичиг баримтаа үзүүл, зөвшөөрөл бий юу гэхэд ганцхан усны гэрээнээс өөр юу ч байгаагүй. ”Та нар ямар ч бичиг баримтгүй хууль бусаар ажиллаж байна манай нутгаас өрмөө аваад яв” гэж шаардлага тавихад “Тэгвэл  та нар лацдаад яв” гэсэн.  Бид хүний эд хөрөнгийг лацаддаг эрхтэй хүмүүс биш. Та нар техник хэрэгслээ аваад яв гэхэд удалгүй өрмөө аваад явчихсан. Хэрэв  бид техникийг нь явуулахгүй  лацадсан бол сул зогссон тоогоор биднээс мөнгө авах байсан юм билээ.

-Компанийнхан дахин хэзээ ирэв?

-Ноднин жилийн 10 дугаар сарын 28-нд шилжих шөнө газар ухахаар 40 гаруй хүн маш олон хүнд оврын техниктэй ирсэн. Тухайн үед нутгийн малчид мөн л эсэргүүцэж аймгаас Мэргэжлийн хяналтын албаныхан ирж бичиг баримтыг нь шалгахад хэд хэдэн бичиг баримт дутуу байсан тул энэ газар орныг чөлөөлж, үйл ажиллагаагаа зогсоо гэсэн шаардлагыг албаныхан тавьсан. Гэтэл энэ удаа маш олон хүний бүрэлдэхүүнтэй, олон биерхүү хүмүүс дагуулж техник хэрэгслээ агсаад их бяртай ирлээ.

“Дардан говь” ХХК, “Түмэн айл инвест” ХХК-ийн хүмүүс нь хүртэл ирсэн. Тэд нутгийн арваад хүнийг цааш нааш нь түлхэж гэр кемпээ барьсан. Ингээд нутгийн иргэдийг шаардлага тавихаар хөөж туудаг иймэрхүү байдалтай болчихоод байна. Харин компанийнхан бид хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлсэн гэдэг хариу өгдөг. Саяхан аймгийн МХГ-ын бүрэлдэхүүнтэй Ажлын баг ирж шалгахад мөн л хууль зөрчсөн олон үйлдлүүд гарсан, ноднингийн бичиг баримтын бүрдэл дутуу гэж дүгнэлээ.

-Машин техникээ агсаад хөрс хуулахаар ирэх үед нь Та  байсан уу? Чухам юу болсон юм бэ?

-Эхний өдөр нь би байгаагүй. Харин хоёр дахь өдрөөс нь тогтмол байсан. Анх ирэхэд нь багийн хэдэн залуу очиж эсэргүүцсэн. Тэгэхэд 40 гаруй том биетэй хамгаалагч малчдыг ойртуулалгүй тойрч жагсаад гэр кемпээ буулгаж техникээ байрлуулсан. Та нар 50 метрийн зайд бай гэж шаардсан. Үгүй гэж эсэргүүцэхээр нөгөө том биетэй хамгаалагч нар нь тойрог хүрээ үүсгээд малчдыг түрж холдуулж замаа татсан. Эхний хоёр өдөр ийм л асуудал болсон. Гурав дахь өдөр малчин залуус техник орж гардаг үүдийг нь хааж зогссон. Гэтэл том биетай хамгаалагч нар нь малчин залуусын заримыг нь өргөж холдуулаад, заримыг нь дарж унагаад л  хүч түрэмгийлж асуудлыг шийдсэн.

Том оврын машинаар ачаа буулгасан юм билээ. Гэтэл малчин залуус үүдийг нь хаагаад зогсож байхад зүүн талаар дахиад хаалга гаргаад нөгөө машинуудаа гаргаад эхэлсэн. Тэр үед нь малчид “Бүх ачаагаа ачаад нутгаас минь яв” гэсэн шаардлага тавихад компанийнхан манай залуус руу эхэлж чулуу шидсэн байгаа юм. Тэгтэл малчид эргүүлээд хариу чулуу шидсэн юм байна. Энэ үед малчид тэр үеийн бичлэгийг хийх ухаанаа олохгүй, боломж ч байхгүй байсныг ашиглаж компанийнхан малчдын чулуу шидэж байгаа бичлэгийг хийгээд цагдаад өгчихсөн юм шиг байна. Тэр дагуу Цагдаагийн газрынхан биднээс мэдүүлэг авах тухай дуудсан бололтой.

-Тухайн зөрчилдөөний үеэр хүний биед халдаж бэртэж гэмтсэн асуудал гарсан уу?

-Тэр үеэр хүний биед халдсан асуудал гарсан юм шиг байна. Нэг малчин залуу эсэргүүцэж байгаад гэртээ харьсан. Гэртээ очсоны маргааш нь дөрвөн хавирга хугарч амьсгал авахад хэцүү байна гэсэн мэдээлэл ирсэн. Эмнэлэгт үзүүлж үнэн худлыг нь тогтоож яаралтай эмчлүүлээрэй гэхэд гэртээ хэвтчихээд ирэхгүй байгаа мэдээлэл байна.

-Мандах сумаас хэдэн км-т “Түмэн айл инвест” ХХК-ийн лицензтэй талбай байна вэ? Нутаг орны онцлогийг та дурдаач?

-Мандах сумаас баруун урагш 30 гаруй км-т “Түмэн айл инвест” ХХК-ийн лицензтэй талбай бий. Хөндлөн төмөр замаас хойш арваад км-т. Сумын нэг, хоёрдугаар багийн малчин айлууд нутагладаг, малчдын отрын бүс нутгаар баталгаажуулж айлуудад өвөлжөө хаваржаа олгодоггүй газар л даа. Тэр хавийн бэлчээр нь сайхан, нарийн өвс ургадаг, зарим газраа баглуурга, бударгана ургадаг.

Ан амьтан жигүүртэн шувууд чуулсан говь нутгийн байгалийн нэгэн өвөрмөц өнгө төрхийг шингээсэн сайхан нутаг бий. Отрын бүс нутгийн бэлчээр дээр дөчин метрийн гүнээс гардаг ганцхан худагтай. Худгаас нэг км хүрэхгүй газар кемпээ барьчихсан. Тэндээс хөрс хуулалтын ажлыг эхэлж байхад нь бид зогсоосон. Хаврын мал төллөх цагаар малчдын завгүй байдлыг ашиглаж зориудаар ирж буулаа гэж бид бодож байна.

Өдөртөө хорь гучаад малчин тухайн компанийн техник хэрэгслийг нь харж үлдэж байна. Хөлсөөр иргэдийн эсэргүүцлийг дардаг том биетэй хүмүүс ажилладаг юм байна. Тэд биднийг хараад ална хядна л гэдэг. Та нарыг алахад амийг нь хэн нэхэх юм гэдэг. Бөхөөр яваад амжилтад хүрээгүй учраас хоолоо олж идэхийн тулд ийм ажил хийдэг хүмүүс байдаг гэж ярьдаг. Тэр нь үнэн байх.

-Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх явцдаа Алхан тээг, Баянхошуу багийн Иргэдийн нийтийн хурлаар уг асуудлыг хэлэлцүүлэхээр санал оруулахад иргэд дэмжээгүй гэсэн байдаг. Танд тухайн хурлын талаар ямар мэдээлэл байна вэ?

-Миний хувьд төвийн багийн иргэн учраас тухайн хуралд суух боломжгүй. Харин ноднин ковид дэлгэрч байх зургаа, долоодугаар сард Иргэний нийтийн хурлыг хийлгэхээр тухайн компанийн удирдлагууд, аймгаас  шахаж  шаардаж байсан. Хүчээр хийх нь ойлгомжтой байсан юм. Компанийн нөхдүүд бүр айлуудаар явж багийн Иргэний нийтийн хурал болно, та нар очиж оролц гээд зарлаад явсан байдаг. Тэр үед нь хууль бусаар уурхай ухах гэж байгаа компанийн үйл ажиллагааг бид зөвшөөрөхгүй, та нар битгий очоорой гэж хэлчихээд юу ярихыг нь сонирхоод иртэл та нар малчдаа ирүүлсэнгүй гээд загнах маягтай байсан. Компанийн нөхдүүдэд бид энэ нутаг усыг ухуулахгүй гэдгээ хэлсэн.

Газар нутгаа ухуулахгүй гэж малчид эсэргүүцэж байгаа нөхцөлд та нар илүү зардал гаргаж ингэж явах нь дэмий. Авсан тусгай зөвшөөрлөө төрд буцааж өг. Ямар зардал гаргасан түүнийгээ яаж буцааж авахаа төртэйгөө тохир гэж хэлсэн. Тэр үед багийн иргэд цуглаагүй, ямар ч тохиролцоонд хүрээгүй. Удалгүй 11 дүгээр сарын үед дахин ирээд сумын  соёлын төвд идээ засчихаад иргэдэд компанийнхаа тухай танилцуулна гэхэд нь багийн малчид бид та нарын танилцуулгыг хүлээн авахгүй гээд очоогүй.

Малчид ч хуралд оролцолгүй соёлын төвийн гадаа байлаа.Тэр өдрийн орой компанийн төлөөлөгч Пүрэвдорж гэх хүн бидэнтэй ирж уулзаад малчдаа оролцуулаач гэж гуйсан. Малчид өөрсдийн сэтгэл зүрхээрээ оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Хэрэв та нар энд уул уурхай явуулах гэж байгаа бол Ерөнхий сайдыг уриад ард түмэнтэй биечлэн уулзаад асуудлыг шийд гэдэг саналыг хэлсэн. Харин нутгийнхнаас хэлсэн ярьсан зүйлд нь итгэсэн ганц нэг хүн очиж хуралд нь суусан юм билээ. Тэр үед нь малчид уриа лоозонгоо авч очоод эсэргүүцлээ илэрхийлээд гараад явчихсан.

-Та бүхэн энэ асуудлыг аймаг, сумын удирдлага, Засгийн газар, Дорноговиос сонгогдсон УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн үү?          

-УИХ-ын гишүүдэд иргэдийн санал хүсэлт шаардлагыг удаа дараа хүргүүлсэн. Тодорхой хариу өгдөггүй юм байна. Харин  аймгийн Засаг даргын хариуд та нарын тавьж байгаа шаардлага хуульд нийцэхгүй байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 10 зүйл заалт байдаг. Тэр 10 зүйл заалтыг бүрэн баримтжуулж ирсэн тохиолдолд хуулийн дагуу авч хэлэлцэх болно гэж бичсэн байна лээ. Засгийн газарт явуулсан бичгийн хариу ирээгүй. Засгийн газар тухайн албан бичгийн хариуг УУХҮ-ийн сайд Г.Ёндонд цохож, салбарын сайд нь АМГТГ-т газарт шилжүүлсэн бололтой юм.

Үндсэн хуулийн 17.2 дахь заалтад монгол хүн хөдөлмөрлөх эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг гээд заачихсан. Гэтэл энэ журамт үүргээсээ иргэдийг татгалз гээд байгаа юм уу гэж бодогдоно. Ингээд малчдын эрх ашгийг зөрчиж улайран дайраад байгаа асуудлыг ойлгохгүй байна даа. Малчид Үндсэн хуульд заасан эрх үүргийнхээ дагуу эвлэлдэн нэгдэж байна.

-Сум орон нутгийн удирдлага уурхайн үйл ажиллагаатай холбогдуулан ямар байр суурь илэрхийлж байгаа вэ?

-Сумын Засаг даргын хувьд төрийн алба хаагч учраас шахалт дарамтад орчихсон юм уу гэж бодоод байгаа. Сумын Засаг дарга уул уурхай эрхэлж төсөв бүрдүүлнэ гэдэг л зүйлийг хэлсэн. Бидний ойлгосноор энэ залууд дээрээс нь ихээхэн дарамт шахалт ирж байгаа юм болов уу. гэсэн хардлагыг хүмүүс ярьдаг. Сумын ИТХ-ын хувьд энэ асуудлаар зохих ёсны шийдвэрийг гаргалгүй хэд хэдэн удаа буцаачихаад байгаа. Өөрөөр хэлбэл сумын Нутгийн удирдлагын багууллага дэмжихгүй байна.

-Энэ отрын бүс нутагт уул уурхай эрхэлж, нүүрс олборлолоо гэхэд ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-Маш их сөрөг үр дагавар гарна. Нэг жишээ хэлье. Мандах, Хатанбулаг, Хөвсгөл сумын зааг нутаг дээр Айл баянгийн нүүрсний уурхай ажиллаж байна. Энэ уурхай ажиллаад хоёр жил болоход уурхайгаас хойш ус байхгүй болсон. Үнэндээ хоёр жилийн дотор ус ширгээд хуурай боллоо. Гэтэл энэ уурхай цааш ажиллаад дөрвөн жил болоход Хүнгэнэхийн ус, Хунхайн ус зэрэг уст цэг  бас л гарахаа больсон. Айл баянгийн уурхай нам дор газар, Хунхайн ус гэдэг нь газар зүйн хувьд арай өндөрлөгт байгаа. Энэ уурхай ажиллаад эхэлбэл ойр орчимд буй Алагийн хэцийн хэдэн энгийн худаг ширгэх нь тодорхой. Одоо ухах гээд байгаа газар буюу Хошуун хонд гэдэг газар хонхор хэлбэртэй. Нам дор газрын хөрсийг 20-иод метр ухаж байж нүүрс байгаа газар хүрнэ, үүнээс цааш 50 гаруй метр ухахад өндөрлөг газрын бүх булаг ус шанд ширгэнэ. Ингээд үзэхлээр Мандах нутгийн урд тал бэлчээргүй болж мал амьтан тогтохын аргагүй цөлжилт, тоосжилт үүсч, хөрс нь улаанаар эргэх аюултай.


Холбоотой мэдээ