Т.Ергали: Баяннуур сумын Цагаанарал багт шүлхий өвчний тохиолдол батлагдсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт гарч
байгаа мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар аймгийн Мал
эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл мэндийн албаны дарга Т.Ергалигаас тодрууллаа.
- Баян-Өлгий
аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гараад удаж байна.
Одоогоор нөхцөл байдал ямар байна?
- Энэ
оны хоёрдугаар сарын 16-ны өдөр тус аймгийн Алтанцөгц сумын Мөнгөт хэмээх
газарт гоц халдварт шүлхий өвчин гарсан. Оношийг нь баталгаажуулсан. Тухайн
өвчин одоог хүртэл үргэлжилж байгаа. Дараа нь Бугат, Өлгий суманд,
нэг сарын дараа дахиад Алтанцөгцөд өвчний тохиолдол бүртгэгдсэн.
Өнөөдрийн байдлаар дээрх хоёр сумын хорио цээрийн дэглэмийг
бууруулж, хязгаарлалтын дэглэмд шилжиж байна. Түүнээс гадна 7
хоногийн өмнө Баяннуур сумын Цагаанарал багт шүлхий өвчний сэжигтэй
тохиолдол илэрсэн. Сэжиг бүхий малаас дээж авч, Улсын мал эмнэлгийн төв
лабораторид шинжлүүлээд энэ сарын 18-нд хариу нь ирсэн. Хариу нь эерэг гарч батлагдсан
байгаа. Тухайн суманд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга А.Айдынасхар тэргүүтэй
мэргэжлийн баг очиж холбогдох арга хэмжээ аван ажиллаж байна.
- Дээрх
сумдад хэчнээн толгой мал өвчилсөн бэ?
- Нийтдээ
100 толгой мал өвчилсөн. Одоогийн байдлаар бүх малын клиник шинж тэмдэг нь
арилаад эдгэрсэн. Дээрх гурван сумын нийт 104 мянган
мянган толгой малд вакцинжуулалт хийсэн. Байдал ерөнхийдөө тайван
байдалд шилжсэн. Аймгийн төв Өлгий суманд ч хорио цээрийн дэглэм цуцлагдсан.
- Баяннуур
суманд гарсан шүлхийн голомт Алтанцөгц, Бугат сумын голомтуудтай холбоотой юу?
- Тэр
асуудал бол тогтоогдоогүй. Алтанцөгцийн голомтоос халдвар авсан ч байж болно.
Мөн цаанаасаа Увс, Ховд аймгийн голомтоос халдвар авсан байж магадгүй. Иргэд мал
оруулсан, худалдаж авсан сураг байгаа. Харамсалтай нь хүмүүс энэ тэндээс мал
авч ирдэг боловч тэр тухайгаа тодорхой мэдээлэл өгдөггүй.
- Мал,
амьтны гоц халдварт шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтын ажлын явцын талаар
мэдээлэл өгөхгүй юу?
- Улсын
хэмжээнд энэ сарын 18-ны өдрөөс шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх аян
эхэлж байгаа. Манай аймагт ч холбогдох бэлтгэл ажлыг хангаад, хуваарилсан
194800 тун вакцинаа татаж авсан. Тухайн вакцинаар зөвхөн үхэрт тарина.
Сумдад хуваарийн дагуу вакциныг хүргүүлж, тарилгын ажил эхэлсэн. Өнөөдрийн
байдлаар 10076 толгой үхэрт вакцин тариад байгаа. Вакцин хүрэхгүй байх
магадлалтай байна. Яагаад вэ гэвэл манай иргэд малаа үнэн зөв тоолуулдаггүй,
тавиул мал байдаг зэрэг янз бүрийн асуудал гарч ирж магадгүй.
- Вакциныг
давтан тарих уу?
- Зааврын
дагуу бол 10-15 хоногийн дараа давтан тарих ёстой. Энэ удаад зөвхөн нэг удаа
тарих вакцин л ирсэн. Давтан тарих асуудал одоогоор шийдэгдээгүй байна.
- Манай
аймгийн дээрх сумдад голдуу ямар төрлийн мал өвчилж байна?
- Үхэрт
хүндээр тусч байна. Гэхдээ мал үхэхгүй байгаа. Хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа
хэмээн бодож байна. Түүнээс гадна хонь, ямаа бас өвчилж байгаа. Гэхдээ маш
бүдэг шинж тэмдэгтэй. Нэгээс хоёр хоног хөл нь доголох шинж илрээд зүгээр болж
байна. Үхрийг бол тухайн төрлийн өвчний индикатор хэмээн үздэг. Өвчнийг
илрүүлж өгдөг мал байгаа юм.
- Шүлхийгээр
өвчилсөн малаас өөр ямар шинж тэмдэг илэрч байна?
- Үхэр бол халуурна. Халуурах нь халдварт өвчний шинж тэмдэг байдаг. Түүнээс гадна өтгөрсөн шүлс гоожно. Буйл, тагнайн хэсэг, хэлний орчимд үлхий гарч, хэд хоногийн дараа хагарч шархална. Энэ үед бид эдийн дээж
авч лабораторийн
шинжилгээ хийлгэхээр явуулдаг. Учир нь эдийн дээж найдвартай тодорхойлогддог
юм.
- Үхрээс
бусад малд вакцин тарих уу?
- Уг
нь тарих ёстой. Гэхдээ вакцины хүрэлцээгүй байдлаас болж хонь, ямаанд тарьж
чадахгүй байна.
- Мэдээлэл
өгсөнд баярлалаа.