ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хуулийн төслүүд өргөн барилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-04-14 17:51:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай болон Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.


Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл


Хүний эрүүл мэнд болон хүнс хоорондын хамаарлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тогтоох судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд “зохицуулах үйлчлэлтэй” гэсэн тодотголтой шинэ нэр төрлийн хүнс бий болж байна. Дэлхий дахинаа энэ төрлийн хүнсний үйлдвэрлэл, хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, 2017 онд дэлхийн хэмжээнд “зохицуулах үйлчлэлтэй” хүнсний борлуулалт 147 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ үзүүлэлт 2024 он гэхэд 253 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгааг олон улсын судалгаануудад дурдсан байна.


Манай улсын хүн амын нас баралтад амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар болон хоол боловсруулах тогтолцооны өвчин зонхилох болж, статистик мэдээгээр 2016 онд нас баралтын шалтгааны 66.4 хувийг эдгээр халдварт бус өвчин эзэлжээ. Манай улсад энэ төрлийн хүнсийг тодорхой хэмжээгээр импортолж, дотоодын үйлдвэрүүд зохицуулах үйлчлэл бүхий хүнсний чиглэлээр судалгаа хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа. Гэвч тухайн хүнс хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталгаажуулсан байдал нь харилцан адилгүй байна.


Түүнчлэн “зохицуулах үйлчлэлтэй хүнс” гэсэн нэр томьёог албан ёсоор тайлбарласан, уг хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн зохицуулалтгүй байгаагаас нэг талаас хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, эрүүл мэндэд нь эрсдэл үүсэх, эдийн засгийн хувьд хохирох, нөгөө талаас үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүн хөгжүүлэхтэй холбоотой тодорхойгүй байдал, хүндрэл чирэгдэл бий болох нөхцөл, шалтгаан болж байна.


Иймд зохицуулах үйлчлэлтэй хүнсний талаар нэгдмэл ойлголтод хүрч, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үүднээс энэ төрлийн хүнсний судалгаа шинжилгээ, баталгаажуулалт, үйлдвэрлэл, худалдаанд тавигдах шаардлага, баримтлах зарчмыг тодорхойлж, оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг тогтоох зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ.


Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл нь 4 бүлэг 15 зүйлтэй.


Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл


Манай улсын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2021 оны жилийн эцэст 67.3 сая толгойд хүрчээ. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарц нэмэгдэж байгаа хэдий ч бэлчээрийн хүрэлцээ, усны хомстол, газрын доройтол, цөлжилт эрчимжиж, улмаар малын ашиг шим, бүтээгдэхүүний гарц буурах шалтгаан болж байна.


Монгол Улсын Их Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталсан.


Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.1 дэх хэсэгт “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна” гэж заасан ч татварын хэмжээг үл харгалзан газар тариалангийн бүс нутагт уламжлалт бэлчээрийн мал сүргийн тоо жил бүр өсөж, бэлчээрийн даац хэтэрч байгаа нь тариалангийн талбайн хөрсний үржил шимийг бууруулах, элэгдэл эвдрэл үүсгэх, тариалангийн технологи нэвтрүүлэх боломжийг алдагдуулж байна.


Мөн тариалангийн талбайд мал сүрэг олноор орсноор ургацад их, бага хэмжээний хохирол учруулж, малчид, тариаланчдын хооронд зөрчил үүсгэж байгаа тул газар тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг бусад бүс нутгаас өөрөөр тогтоох шаардлага үүсээд байна.


Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой явуулах зорилгоор Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах үүрэг, чиглэлийг өгсөн.


Иймд Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, тариалангийн бүс нутагт нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-10000 төгрөг хүртэл байхаар тусгажээ.

Холбоотой мэдээ