Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар "Орон нутгийн сан"-гийн журмыг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-04-13 21:49:18
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит есдүгээр хуралдаан 94,2 хувийн ирцтэйгээр цахим болон танхимын хэлбэрээр өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанаар 17 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж, нэг асуудлын бичиг баримтын бүрдэл дутуу байсны улмаас буцааж, 16 асуудлыг хэлэлцэн баталлаа.  Үүнд:

Тодруулбал, тус хуралдаанаар Дундговь аймгийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулж батлах, усны сан бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, түгээмэл тархацтай  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхэд санал өгөх тухай хэлэлцэж, Орон нутгийн санг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам, Дэл уулын менежментийн төлөвлөгөөг баталжээ.  

Мөн Төв халхын дуулалт жүжгийн театр, Баянжаргалан сумын ЗДТГ, Эрдэнэдалай сумын ЗДТГ, ЭМТ, ЕБС, Соёлын төвийн үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох, Хот тохижуулах газрын автомашинд үнэлгээ тогтоож, худалдах зөвшөөрөл олгох, Говийн гэрэл сүм, Дундговь Баптист чуулган сүмийн зөвшөөрлийн хугацааг сунгах, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг” Алдарт эх” одонгоор шагнуулах тухай хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулан,  аймгийн ИТХ-ын бүтцийг баталж, Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгчийг сонгосон байна.

Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ тус хуралдааны талаар “Энэ удаагийн хуралдаанаар 2022 оны төсвийг илүү хэмнэлтийн горимд жилжүүлэн, хандив тусламжаас бүрдэх орон нутгийн санг захиран зарцуулах, хяналт тавих  журмыг баталлаа. Мөн Монгол Улсын түүх соёлыг хадгалсан Дэл уулыг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх менежментийн төлөвлөгөөтэй боллоо. “Эхийн алдар” одонгийн болзлыг хангасан 194 эхэд одон олгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ” хэмээн танилцуулав. 

Холбоотой мэдээ