Нэгдсэн эмнэлэгт цээжний хөндийн дурангийн аппарат хүлээлгэж өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир болон Эрүүл
мэндийн сайд С.Энхболд нар өчигдрөөс Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа.
Төр засгийн төлөөлөгчид өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллав. Энэ үеэр
Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа цээжний хөндийн дурангийн хагалгааны
аппарат, бүрэн тоногтой түргэний машин, суурин болон зөөврийн рентген аппарат,
Төрөх тасагт иж бүрэн тоног төхөөрөмж, Алтай, Дэлүүн сумын ЭМТ-үүдэд түргэн
тусламжийн машин хүлээлгэж өглөө.
Баян-Өлгий аймагт дурангийн хагалгааны аппарат байхгүйн улмаас иргэд 1700 км зам туулан Улаанбаатар хотыг зорьж цаг хугацаа, эрүүл мэнд, хөрөнгө мөнгөөрөө хохирдог аж. Харин дээрх нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангаснаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжрах боломж бүрдэж байна.
"2021 онд тус аймагт улсын төсвийн хөрөнгөөр эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн барилгууд, засвар, түргэн тусламжийн машинууд, эхо, унтуулгын болон диализийн аппаратууд, PCR лаборатори, эмнэлгийн ор, хүчилтөрөгчийн үйлдвэр зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн хангалтанд нийт 20,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Харин 2022 онд улсын төсвийн хөрөнгөөр нийт 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна. Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар илүү сайжрахын зэрэгцээ иргэдийн нийслэл рүү явах шаардлагууд багасгаж, тусламжийн төвлөрлийг бууруулах болно" гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцоллоо.