Дулааны станц үнсийг их хэмжээгээр хуримтлуулснаар орчны бохирдол үүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-06 12:54:22

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Бадамлах дөл" ХХК-ийн дулааны станцад өнөөдөр гүйцэтгэлийн хяналт хийлээ.  

Учир нь Мэргэжлийн хяналтын газраас өмнө нь буюу гуравдугаар сард тус дулааны станцын үйл ажиллагаатай танилцаж, Хог хаягдлын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасан эрх үүргийн хүрээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, эрсдэлийн түвшинг тогтоон, цаашид хийх ажлын үүрэг даалгавар өгч байсан.

Тодруулбал, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээнд тусгасан зайлшгүй хийх ажлуудын хүрээнд жил бүр төлөвлөгөө боловсруулан батлуулж ажиллаагүй, мөн нүүрс, үнсийг ил задгай хадгалж байгаа нь орчиндоо тоосжилт үүсгэх, салхи шуургатай үед орчныг бохирдуулах нөхцөл үүсгэсэн зэрэг зөрчил, дутагдал илэрсэнтэй холбогдуулан илэрсэн зөрчлийг арилгах тухай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлжээ. Энэ албан шаардлагын биелэлтэд хяналт тавих, гүйцэтгэлийн төлөв байдлыг дүгнэх зорилгоор дахин “Бадамлах дөл” ХХК-ийн дулааны станцад ажилласан нь энэ юм.   

Тус дулааны станцын тухайд 10 дугаар сараас хойших хугацаанд буюу галлагаа эхэлснээс хойш уурын зуухнаас гарсан үнсийг ачиж, зориулалтын цэгт хүргээгүй, их хэмжээгээр хуримтлагдсан.  Үүний зэрэгцээ хурааж хуримтлуулж буй нүүрс, үнсний зарим хэсэг нь өөрийн эзэмшлийн хашаанаас нь хальж, гадуур асгаран нийтийн эзэмшлийн гудамжинд бохирдол үүсгэж байгаа дүр зураг ажиглагдаж байлаа. 


Станцын зүгээс Хуримтлагдсан үнсийг хавартаа ачдаг. Үнсийг хогийн цэгт хүргэх зардал хүрэлцэхгүй байгаагаас өөрийн эзэмшлийн хашаандаа хадгалж байна. Аймгийн төсөвт газруудын 2020 оны халаалтын төлбөр 199.0 сая төгрөгийн санхүүжилт одоо хүртэл орж ирээгүй байгаа тул үнсийг хогийн цэгт зөөж зайлуулж чадахгүй байна. Станцын хашааны гадуур давж асгарсан үнсийг дотогшоо зөөж хашаандаа оруулах, нягтаршуулан овоолох ажил хийж байгаа гэх мэт тайлбарыг хэллээ. 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “тус дулааны станцад илэрсэн зөрчлийг арилгаагүй, улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй, хангалтгүй” гэж үзээд хуулийн хүрээнд дараагийн шатны арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

"Бадамлах дөл" ХХК-ийн дулааны станц нь 60 гаруй ажилтантай. Ховд аймгийн 1700 гаруй айл өрх, 117 аж ахуйн нэгж, 24 төсөвт байгууллагыг дулаанаар хангадаг. Халаалтын оргил үед гурван зуух ашигладаг бол одоо цаг үе, улирлын байдлаас шалтгаалан нэг зуух ажиллуулж байна. 

 

 

 

Холбоотой мэдээ