“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2022” сарын аяны нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-04 17:27:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг байгууллагууд хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2022” сарын аяны нээлтийг Өлгий хотын 13 дугаар багт шинээр барьж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын талбайд зохион байгууллаа.

Нээлтийн ажиллагаанд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 21 байгууллагын 200 орчим ажилтан, албан хаагч оролцлоо.

Нээлтийн ажиллагааг аймгийн Засаг даргын орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга Х.Арман нээв. Мөн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Бауыржан, ажил олгогчдыг төлөөлж “Көшелик” компанийн захирал, Монгол Улсын Гавьяат барилгачин Х.Мүпти, “Тэс петролиум” компанийн салбарын захирал Ө.Нурболат нар үг хэлж, сайн туршлагуудаасаа хуваалцлаа.

"Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг төлөвшүүлье" уриан доор өрнүүлэх сарын аяны хүрээнд үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлтэй хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажлууд зохион байгуулах ажээ.

Холбоотой мэдээ