Б.Жавхлан: Төсөв, мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах нь зайлшгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-03-31 20:35:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэв.


Таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Жавхлан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан.


Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу хүрсэн түвшинг хүрэх түвшинтэй харьцуулан бодит гүйцэтгэлийг гаргахад 2021 оны байдлаар 74.5 хувь, өссөн дүнгээр 19.5 хувийн хэрэгжилттэй байна хэмээн Б.Жавхлан сайд танилцуулав. 2020 онд мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах үед цар тахал цаашид үргэлжлэх төлөвтэй байсан тул 2021 онд зураг төсөл боловсруулах, судалгаа хийх, төсөв батлуулах, эхлүүлэх зэрэг бэлтгэл ажил хангах зорилт, арга хэмжээг түлхүү төлөвлөсөн нь мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт өндөр гарахад нөлөөлсөн гэв.


Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал Ковид-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 88 хувь, Хүний хөгжлийн бодлого 78 хувь, Эдийн засгийн бодлого 70 хувь, Засаглалын бодлого 76 хувь, Ногоон хөгжлийн бодлого 65 хувь, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 79 хувийн хэрэгжилттэй гарчээ.


Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 9 зорилго, 47 зорилтын хүрээнд 2021-2025 онд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж, 2021 оны явцын дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарчээ. Үргэлжлүүлэн Б.Жавхлан сайд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй хэрэгжиж байгаа томоохон зорилт, арга хэмжээнүүдийг дурдлаа.


Иргэдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг Засгийн газраас хариуцан төлсөн. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн, иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж, 2.2 сая насанд хүрэгчдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Мөн хүн амын коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 69.8 хувь, II тунд 66.8 хувь, III тунд 31.6 хувь, IV тунд 3.4 хувийг хамруулаад байгаа бөгөөд цар тахал эхэлснээс хойш нийт 36.360 монгол иргэнээ эх оронд нь эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулсан байна.


“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд 1.9 их наяд төгрөг, репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 789.8 тэрбум төгрөг, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 925 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 384.2 тэрбум төгрөг тус тус олгожээ. 


2021 оны байдлаар 40 цэцэрлэг, 32 сургууль, 5 спорт заал, 12 дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Түүнчлэн дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 МВт-аар өргөтгөсөн байна. Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх ажлын явцад үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор тус төслийн Засгийн газрын эзэмших хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирэх боломжтой болсон байна. Үүний зэрэгцээ гүний уурхайн үйлдвэрлэлийг 2022 оны нэгдүгээр сарын 22-нд эхлүүлсэн юм.


Цахим үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn системд төрийн 562 үйлчилгээг нэгтгэж төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүнд сурталгүй болгоход ихээхэн ахиц гарсныг танилцуулгад дурдсан. Монгол Улс 2020 оны арван нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт 79 хоногийг өнгөрүүлж, бусад үед нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байсан. Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний бүхий л газар үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан нэн хүнд цаг үеийг даван туулж Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхлээд байгааг Сангийн сайд танилцуулав.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.5-д “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг хуульд заасан хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 18.3-т заасны дагуу хэлэлцэнэ. Шаардлагатай гэж үзвэл бусад Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэж санал, дүгнэлтээ хүргүүлж болно” гэж заасан байдаг. Энэ дагуу Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороо хамтран хуралдаж, санал дүгнэлт гаргасныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа.


Байнгын хороод 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцэн дэмжиж, санад дүгнэлтээ хүргүүлсэн байна. 


Сангийн сайдын танилцуулга болон Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын багаас хариулт, мэдээлэл, тайлбар авав.    


Чинээлэг дундаж давхаргыг өргөжүүлнэ, хүүхдийн тооноос хамаарч гэр бүлд татварын хөнгөлөлт үзүүлнэ, цалин тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг жил бүр инфляцтай уялдуулан нэмэх, байгалийн баялгийн өгөөжөөс иргэн бүрд хүртээнэ, экпортыг дэмжиж баталгааны сан байгуулна, ажлын байрыг нэмэгдүүлж, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх гэх зэрэг зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлтэд онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хэллээ. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалингийн нэгдсэн систем, энэ асуудлыг хариуцдаг салбарын яам нэгдсэн бодлогоор асуудлаа зангидаж авч явах шаардлагын талаар дэлгэрэнгүй тайлбар хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ажилгүйдлийн түвшин өндөр, ядуурал нэмэгдэж байгаа гэж үзэж буйгаа илэрхийлээд холбогдох бодит тоон мэдээллийг салбарын яамнаас тодруулсан. Мөн тэрбээр төсвийн нөхцөл байдлын талаар саналаа хэлж, тодотгол хийх эсэхийг тодруулж, төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлийн бодлого бий эсэхийг тодруулж, салбарын сайд нар болон ажлын багаас хариулт, мэдээлэл авав.


Олон улсын түвшинд үүсээд буй цаг үеийн нөхцөл байдал, түүний Монгол Улсад үзүүлэх нөлөөллийг тооцон төсөв, мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах нь зайлшгүй гэдэг хариултыг Б.Жавхлан сайд өгөв. Түүнчлэн нөөцөө хэмнэх, хамгаалах бодлогын арга хэмжээнүүд, арга хэрэгслүүдийг ч ашиглана гэдгээ хэлж байв.


УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ усны бодлогын талаар, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн талаар төрөөс баримтлах бодлого, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Засгийн газраас баримтлах бодлогыг тодруулж, эдгээртэй холбоотой саналуудаа хэлсэн. Түүнчлэн Т.Энхтүвшин гишүүн төсвийн хөрөнгө оруулалтаа эрэмбэлэх, тулгамдаад буй асуудлуудаа шийдвэрлэхэд анхаарал хандуулах шаардлага байгаа гэдэг санал хэлэв. Мөн валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр баримтлах бодлогын талаар салбарын сайдаас хариулт авсан.


Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Д.Өнөрболор, Н.Наранбаатар, Б.Баярсайхан, Ч.Хүрэлбаатар, М.Оюунчимэг, Г.Тэмүүлэн, Ш.Адьшаа нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.


Олон улсын энэ цаг үеийн хурцадмал нөхцөл байдал Монгол Улсын нийгэм, эдийн засаг нөлөө үзүүлж, хүндрэл үүсгэж байгааг бүх түвшиндээ ойлгож, хэмнэлтийн горимд шилжих шаардлага тулгарч байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. “Дэлхий дахинаа үүсээд буй нөхцөл байдлын Монголд туссан сүүдрийг ойлгож, улс төрийн хүчнүүд асуудлуудыг хэт улс төржүүлэхгүй, гадаад харилцаа, олон улсын байдалд туйлшралгүй Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг хүндэтгэж, нэг санаа бодолтой байх цаг үе тулгарч байна. Хүнд цаг үе тулгарч байна. Хамтын хүчээр даван туулна. Дотооддоо үймэж, нийгэмд буруу зөрүү ойлголт өгөхгүй байх дээр дор бүрнээ анхаарна уу. Хамтын хүчээр, нийтээрээ хүчээ нэгтгэж байж хямрал, хүндрэлийг даван туулна гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Хямрал гэдэг үгийн ард боломж бас байдгийг  санаж, Засгийн газар хэт үймэлгүй, бас хэт тайвшралгүйгээр оновчтой, хурдтай шийдвэр гаргаж “Шинэ сэргэлтийн бодлого”-оо тооцоо судалгаатайгаар, олон нийтийн санаа бодолд нийцтэйгээр хэрэгжүүлнэ хэмээн итгэж байна” гэлээ. Үүгээр   Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэж, чуулганы хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ